EN

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр 2021 оны 05 сарын 21-ний өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторовичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ОХУ-ын дэмжлэг туслалцаатайгаар 1930-аад оноос манай улсын геодези, зураг зүй, газар зохион байгуулалтын олон ажил хийгдсэнээр уг салбаруудын суурийг тавьсан, улмаар Монгол улсын хөгжил, дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн 2021 онд тэмдэглэж буй Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газраас хамтран зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, ОХУ-ын Екатеринбург хотноо 2021 оны 07 дугаар сард зохион байгуулагдах “ИННОПРОМ” олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд ГЗБГЗЗГ-ын удирдлага оролцохыг урив.

Түүнчлэн ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны алба /Росреестр/, Роскосмос байгууллагуудтай газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, газрын кадастрын чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгааг ГЗБГЗЗГ-ын удирдлагын зүгээс тавьж, худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович холбогдох байгууллагуудад хүсэлтийг уламжилж албан ёсны уулзалт зохион байгуулахаар болов.

Дээш буцах