EN

Газрын нэгдмэл сан

Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал, газар ашиглалтын төрөлд гарсан өөрчлөлт, шилжилтийн үндэслэл /Маягт ГТ-1, 5/

Монгол Улсын газрын нэгдмэл санд хөдөө аж ахуйн газар113567.1 мянган га буюу 72.6 хувь, хот, тосгон бусад суурины газар 1005.3 мянган га буюу 0.6 хувь, зам, шугам сүлжээний газар 836.0 мянган га буюу 0.5 хувь, ойн сан бүхий газар 14260.3 мянган га буюу 9.1 хувь, усны сан бүхий газар 660.9 мянган га буюу 0.4 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 26082.0 мянган га буюу 16.7 хувийг тус тус эзэлж байна /Зураг 2.1.1/

 

Хөдөө аж ахуйн газар

 Хөдөө аж ахуйн газар 113567.1 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 72.6 хувийг эзэлж байна.

Хөдөө аж ахуйн газарт бэлчээрийн газар 109151.3 мянган га буюу 96.1 хувь, хадлангийн газар 1709.1 мянган га буюу 1.5 хувь, тариалангийн газар 1139.9 мянган га буюу 1.0 хувь, атаршсан газар 215.5 мянган га буюу 0.2 хувь, хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар 91.4 мянган га буюу 0.1 хувь, хөдөө аж ахуйн хэрэгцээнд тохиромжгүй газар 1259.9  мянган га буюу 1.1 хувийг тус тус эзэлж байна.

Бэлчээрийн газар

Бэлчээрийн газар нь 2021 оны тайлангийн дүнтэй харьцуулахад Баянхонгор аймаг 8612.7 га, Дорнод аймаг 5725.0 га, Дорноговь аймаг 23886.31 га, Өмнөговь аймаг 4061.77 га, Сэлэнгэ аймаг 1329.3 га газруудыг уурхайн дэвсгэр газарт, Дундговь аймаг 354844.3 га, Өмнөговь аймаг 2169.6 га газруудыг шугам сүлжээний газарт, Өвөрхангай аймаг 8286.2 га, Төв аймаг 2500.0 га газруудыг атаршсан газарт, Увс аймаг 1689.0 га, Ховд аймаг 3412.4 га газруудыг тариалангийн газарт тус тус шилжүүлэн томоохон өөрчлөлт оруулсан байна.

Харин Увс аймаг 40.3 га, Өмнөговь аймаг 1573.6 га газрыг уурхайн газраас бэлчээрийн газарт шилжсэн байна.    

Хадлангийн газар

Хадлангийн газар нийтдээ 305.4 га-гаар нэмэгдсэн байгаа нь  Баян-Өлгий аймаг 18.7 га, Говь-Алтай аймаг 4 га, Завхан аймаг 2 га, Увс аймаг 261.7 га, Ховд аймаг 23 га газар хадлангийн газар нэмэгдсэн байна.

Тариалангийн газар

Тариалангийн газар нь 2021 оны тайлангийн дүнтэй харьцуулахад 13707.5 га-гаар нэмэгдсэн байна. Тариалангийн газрын хувьд Архангай аймаг 1906.8 га, Баянхонгор аймаг 10.9 га, Булган аймаг 538.0 га, Говь-Алтай аймаг 72.2 га, Дорнод аймаг 1735.6 га, Завхан аймаг 1860.0 га, Өвөрхангай аймаг 16.9 га, Сэлэнгэ аймаг 59.4 га, Ховд аймаг 117.4 га, Хэнтий аймаг 340.0 га, Улаанбаатар хот 36.9 га газрыг тус тус атаршсан газраас тариалангийн газарт эргүүлэн  ашигласнаар Улсын хэмжээнд тариалангийн газар нэмэгдэж бүртгэгдсэн байна.

Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/36 тоот захирамжаар 2137 га газрыг тэжээлийн ургамал тариалах зориулалтаар, 50 иргэнд 123,2 га газрыг тариалан эрхлэх зориулалтаар, Буянт сумын Засаг даргын захирамжаар 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 7 аж ахуйн нэгж, байгууллагад 150 га, 92 иргэнд 296,1 га газрыг тариалангийн газрын зориулалтаар, Үенч сумын Засаг даргын захирамжаар 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төсөвт байгууллагад төмс хүнсний ногоо тариалангийн зориулалтаар 300 га, төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар 53 иргэнд 257 га  газрыг тус тус бэлчээрийн газраас олгосон байна.

Увс аймгийн хэмжээнд 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Малчин, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Тариалан, Түргэн, Ховд, Хяргас, Цагаанхайрхан зэрэг сумдын Засаг даргын шийдвэрээр нийт 1689,05 га газрыг үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тариалах зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шинээр эзэмшүүлсэн байна.

Мөн Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд нийт 6884.6 га газрыг бэлчээрээс тариалангийн газарт тус тус нэмэгдэж бүртгэгдсэн байна /Хүснэгт 2.1.1.2/.

Тариалангийн газрын зориулалтаар 1990 оноос хойшхи хугацаанд ашиглагдаж буй талбайн Улсын хэмжээний дүнг дараах зурагт үзүүлэв /Зураг 2.1.1.2/.

Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар

            Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар Улсын хэмжээнд нийтдээ 2.5 мянган га-гаар бэлчээрийн газар, атаршсан газар, нийтийн эдэлбэр газраас тус тус нэмэгдсэн дүнтэй байна.

            Хөдөө аж ахуйн хэрэгцээнд тохиромжгүй газарт тайлант онд өөрчлөлт ороогүй байна.

Хот, тосгон, бусад суурины газар

Хот, тосгон бусад суурины газар 1005.3 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн  0.6 хувийг эзэлж байна.

Хот, тосгон, бусад суурины газарт барилга, байгууламжийн дэвсгэр газар 83.5 мянган га буюу 8.7 хувийг, нийтийн эдэлбэр газар 317.7 мянган га буюу 33.2 хувийг, үйлдвэрийн газар 47.3 мянган га буюу 4.9 хувийг, уурхайн газар 466.4 мянган га буюу 48.8 хувийг, гэр хорооллын газар 90.4 мянган га буюу 9.5 хувийг тус тус эзэлж байна /Зураг 2.1.2.1/.

Дээш буцах