EN

Кадастрын мэдээллийн сан хөмрөг

Нэгж талбарын хувийн хэргийн баримт

“Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төсөл 2002 оноос хэрэгжиж эхэлснээр анх удаа системчилсэн кадастрын хэмжилт, зураглалын ажлыг геодезийн хэмжилтийн аргаар гүйцэтгэж, газрын бүртгэлийн мэдээллийн сан байгуулж холбогдох мэдээ, мэдээллийг мэдээллийн санд оруулснаар Монгол улсад нэгж талбар дээр суурилсан Үндэсний газрын мэдээллийн систем байгуулагдсан.

Төслийн хүрээнд кадастрын хэмжилт, зураглалын ажлыг 2002-2009 онд 3 үе шаттайгаар Улаанбаатар хот, 21 аймаг, 340 сум, 55 суурин газар хамарсан нийт 1 549 158 га талбайд 364 117 нэгж талбарт хийж гүйцэтгэсэн байна. Кадастрын зураглал ба газрын бүртгэлийн ажлыг хийж гүйцэтгэснээр нийт газар тариалангийн талбайг зураглаж, Улаанбаатар хотын газар нутгийн 98%-ийг бүртгэсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн энэ ажлын үр дүнд 21 аймаг 340 сум, 55 суурин газарт бий болсон 577 467 нэгж талбарын хувийн хэрэг үүсгэн тухайн аймаг, сумын газрын албанд хадгалагдаж байна.

              

Зураг 1. Нэгж талбарын хувийн хэрэг хадгалагдаж байсан байдал.

Газар эзэмших, ашиглах, өмчлөх үйл ажиллагаа тасралтгүй явж байгаатай холбоотойгоор эдгээр цаасан суурьтай баримт нэмэгдэн, хадгалах байр талбай, хадгалж хамгаалах орчин хангалтгүйгээс хувь хүн, иргэн аж ахуйн мэдээлэл бүхий баримтууд үрэгдэх, мэдээлэл алдагдах, устаж үгүй болох асуудал тулгарч байна.

Архивын тухай, Геодези, зураг зүйн тухай хуулинд заасны дагуу эдгээр баримтуудыг төрийн архивт төвлөрүүлэн хадгалах шаардлагатай байгаа юм.

Архивын үндсэн ажлын нэг хэсэг болох салбарын баримтаар төрийн архивын эх үүсвэрийг нөхөн бүрдүүлэх, баяжуулах ажлын хүрээнд Улсын хэмжээний нийслэл, дүүрэг, 21 аймаг, 331 сумыг хамарсан Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын хувийн хэргийн эх баримтыг төрийн архивт татан төвлөрүүлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн.

            ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн засварлаж, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбох, үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын заавар”-ырын 4.1.8-д ГЗБГЗЗГ-ын Архив, мэдээллийн төв нь нийслэл, дүүргийн нэгж талбарын хувийн хэргийн цаасан материалыг гүйцэтгэгч нэгж талбар бүрээр үүсгэсний дараагаар НГА, ДГА-аас актаар хүлээн авч ГЗБГЗЗГ-т байрлуулна, 4.2.22-т Гүйцэтгэгч нэгж талбарын цаасан хувийн хэргийг цэгцэлж дууссаны дараагаар тухайн нэгж талбаруудын цаасан архивыг ГЗБГЗЗГ-ын Архив, мэдээллийн төвд актаар хүлээлгэн өгөхөөр заасан.

     

Зураг 2. Хүлээлгэн өгч байгаа баримт 

            Уг ажлыг хэрэгжүүлж эхэлснээр 2019 онд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Багануур, Багахангай, Хан-Уул дүүргийн өмчлөх эрх үүссэн 2003-2015 оны 81897 нэгж талбарын хувийн хэргийн 2172 хадгаламжийн нэгжийн баримтыг татан авч архивлаад байна.