EN

Газар зүйн хуучин нэрийг тодотгох

     Монгол Улс анх 1949 онд Сайд нарын Зөвлөлийн ”Газар нутгийн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг хориглох тухай”, 1961 онд “Комисс байгуулах тухай” тогтоолууд гарч, газар зүйн нэрийг тодотгон тогтоох, цуглуулах талаар орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад албан даалгавар өгч байсан юм.

    “Газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, журамлах зарим арга хэмжээний тухай” Сайд нарын Зөвлөлийн (хуучин нэрээр) 1980 оны 280 дугаар тогтоолоор “Улсын газар нутгийн нэрийн байнгын комисс”-ийг байгуулж, газар нутгийн нэрийг тодруулан тогтоох, газрын зурагт тэмдэглэх, цаашид газар зүйн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг зогсоох зорилгоор улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зүйн нэрийг тодруулан тогтоох ажлыг Улсын геодези, зураг зүйн газарт даалгаж байжээ. Тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1980-1987 онд Улсын геодези, зураг зүйн газраас Монгол орны бүх нутаг дэвсгэрт газар зүйн нэрийн хээрийн судалгаа явуулан 242388 нэрийг тодотгон тогтоожээ.

    Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр газар зүйн нэрийн асуудлыг хуульчилсан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасны дагуу тус газар нь Монгол орны 214805 газар зүйн нэрийн жагсаалтыг гаргаж УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлуулсан. УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, УИХ-аар батлуулж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан боловч энэ ажил хэрэгжилгүй өдийг хүрсэн юм. Үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.81.5. дахь заалтад тусгагдсан “Газар зүйн нэрийн хээрийн тодруулалт улсын хэмжээнд хийх” ажлын хүрээнд Монгол орны бүх нутаг дэвсгэрт 1:25000-ны масштабтай байр зүйн зургийг газар зүйн нэрээр хангах, 350000 газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, шинэчлэлийг 2019-2020 онд хийхээр төлөвлөж 2017 онд ТЭЗҮ боловсруулан БХБЯ-аар батлуулсан.

    Хэдийгээр улсын хэмжээнд газар зүйн нэрийн хээрийн тодруулалт хийхээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.81.5 дахь хэсэг болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 8.2 дахь хэсэгт тусгагдсан боловч Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд энэхүү ажил тусгагдаагүй байна. Мөн УИХ-ын дээр дурдсан тогтоолтой холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгч 2017 онд нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай 186 дугаар зарлигаар гаргаж бүх шатны засаг дарга нарт үүрэг болгосон боловч хэрэгжилт хангалтгүй байна. 2019 онд Дундговь аймаг орон нутгийн төсвөөр Өлзийт, Сайнцагаан сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан байгуулах ажлыг гүйцэтгэж үр дүнг ГЗБГЗЗГ-т хүлээлгэн өгсөн байна. 2020 онд Дундговь аймаг 13 сум, Булган аймаг 7 сум, Дорнод аймаг 2 сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан байгуулах ажлыг гүйцэтгэхээр орон нутгийн төсөвтөө тус тус тусгуулан ажлыг эхлүүлсэн.

Дээш буцах