EN

Зөвлөлийн хурал

1. Газар зүйн нэрийн зөвлөлийн 2019 оны 1 дүгээр хурал

“Газар зүйн нэрийн зөвлөл”-ийн анхны хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын 12-р байранд зохион байгуулагдлаа.

Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  1. Газар зүйн нэрийн талаар НҮБ-ээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа,
  2. Газар зүйн нэрийн талаар тусгагдсан хууль, эрх зүйн баримт бичгийн судалгаа,
  3. Газар зүйн нэрийн талаар Монгол Улсад хийгдсэн ажил,
  4. Газар зүйн нэрийн Зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм,
  5. Газар зүйн нэрийн Зөвлөлийн 2019 оны төлөвлөгөө.

    1959 онд НҮБ-ын Эдийн, засаг нийгмийн зөвлөлийн дэргэд “Газар зүйн нэрийн шинжээчдийн бүлэг”-ийг байгуулсан бөгөөд 1967 онд Женев хотноо болсон тус бүлгийн анхдугаар чуулганаас түүхэн уламжлалт газар зүйн нэрийг тодруулан тогтоох, хадгалж, хамгаалах, албан ёсоор хэрэглэх, стандартчилахад улс орнуудыг хамтран ажиллахыг уриалж, улс үндэстэн бүр газар зүйн нэрийн үндэсний байнгын хороо, зөвлөлийг Засгийн газрынхаа дэргэд байгуулах, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн байгууллага нь газар зүйн нэрийн асуудлыг хариуцан ажиллахыг зөвлөмж болгожээ.

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан ард түмний суурьшилд ихээхэн өөрчлөлт гарах болж түүхэн уламжлал бүхий газар зүйн нэрүүд нь мартагдах, андуу ташаа нэрлэгдэх, өөрчлөгдөх болсон тул анх 1949 онд Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ “Газар нутгийн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг хориглох тухай” тогтоол, Монгол Улсын ерөнхийлөгч 2017 онд нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай 186 дугаар зарлиг гаргаж батлагдсан газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосноос гадна Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалжээ.

    “Газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, журамлах зарим арга хэмжээний тухай” Сайд нарын Зөвлөлийн (хуучин нэрээр) 1980 оны 280 дугаар тогтоолоор “Улсын газар нутгийн нэрийн байнгын комисс”-ийг байгуулж, газар нутгийн нэрийг тодруулан тогтоох, газрын зурагт тэмдэглэх, цаашид газар зүйн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг зогсоох зорилгоор улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зүйн нэрийг тодруулан тогтоох ажлыг Улсын Геодези, зураг зүйн /хуучнаар/ газарт даалгасан байна. Тус тогтоолыг хэрэгжүүлэхээр 1980-1987 онд Улсын геодези, зураг зүйн газраас Монгол орны бүх нутаг дэвсгэрт газар зүйн нэрийн  хээрийн судалгаа явуулан уул, нуруу, хөндий, гол, худаг, булаг зэрэг газар зүйн 242388 нэрийг тодотгон тогтоожээ.

    Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр газар зүйн нэрийн асуудлыг хуульчилсан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.3-т “УИХ-аар газар зүйн нэрийг батална” гэж заасны дагуу тус газар нь Монгол орны 214805 газар зүйн нэрийн жагсаалтыг гаргаж УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлуулан, МУИС-ийн Нэр судлалын төвтэй хамтран 2004 онд газар зүйн нэрийн зүйлчилсэн 8 боть толийг бэлтгэж, хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон. 2019 онд ГЗБГЗЗГ-аас Газар зүйн дэвсгэр 215 нэрийн тайлбар зурагт толийг Э.Равдан ахлагчтай зөвлөх багтай гэрээ байгуулан боловсруулж хэвлүүлсэн.  Нэрийн зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцэж гишүүдээс өгсөн саналыг тусган дахин санал авахаар болов.

    Газар зүйн нэрийн зөвлөл 2019 онд дахин 2 удаа хуралдахдаа газар зүйн нэрийн асуудлаар боловсруулсан стандарт, норм, дүрмийг хэлэлцэхээс гадна орон нутгаас ирүүлсэн шинэ болон өөрчлөх нэрийн саналыг авч хэлэлцэнэ.

2. Газар зүйн нэрийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар хурал

    “Газар зүйн нэрийн зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын 12-р байранд зохион байгуулагдлаа.

Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  1. Газар зүйн нэрийн зөвлөлийн дүрмийн төсөл;
  2. Зөвлөлийн 2019 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө;
  3. Газар зүйн нэрийн салбар зөвлөлийн дүрмийн төсөл;
  4. Газар зүйн нэрийн чиглэлээр 2019 оны 10-12 сард гүйцэтгэсэн ажлын танилцуулга;
  5. Монгол орны газар зүйн нэрийн тодруулалтын ажлын талаар танилцуулах /Дундговь аймгийн Сайнцагаан/;
  6. Бусад \иргэн Г.Даваагаас ирүүлсэн хүсэлт\;

 

    Газар зүйн нэрийн зөвлөлийн дүрмийн төслийг зөвлөлийн гишүүдээс 2 удаа санал авч тусган, хоёрдугаар хурлаар хэлэлцүүлэн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дүрмийг ГЗБГЗЗГ-ын даргаар батлуулахыг дэмжлээ.Газар зүйн нэрийн Зөвлөлийн 2019 онд хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг хоёр дахь удаа хэлэлцүүлэн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар батлахыг дэмжлээ. Газар зүйн нэрийн салбар зөвлөлийн дүрмийн төслийг Зөвлөлийн гишүүдэд цахим шуудангаар хүргүүлж санал авснаас гадна аймгуудын ГХБХБГ-т хүргүүлж саналыг авч тусгасан юм.

Салбар зөвлөлийн дүрмийг ГЗБГЗЗГ-ын даргаар батлуулж аймгуудад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Газар зүйн нэрийн чиглэлээр 2019 оны 10-12 сард хийсэн ажлуудын талаар танилцуулав. Үүнд:

  • 21 аймагт Газар зүйн нэрийн салбар зөвлөлийг байгуулсан.
  • Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулахтай холбогдуулан хуулийг дагаж гарах бусад хуульд орох өөрчлөлтийн саналд: Эрүүгийн хууль, Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Монгол хэлний тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар санал өгсөн.
  • Дундговь аймгийн Сайнцагаан, Өлзийт сумдад орон нутгийн төсвөөр гүйцэтгэж буй “Газар зүйн нэрийн тодруулалт, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх” ажил гүйцэтгэгч нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилласан.
  • Дундговь аймгийн 13 суманд 2020 онд орон нутгийн төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөж буй “Газар зүйн нэрийн тодруулалт, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх” ажлын даалгавар боловсруулж, холбогдох дарга, мэргэжилтэн нараар хянуулан баталгаажуулж хүргүүлсэн.
  • 2020 онд орон нутгийн төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөж буй аймгуудад “Газар зүйн нэрийн тодруулалт, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх” ажлын даалгаварын төслийг хүргүүлсэн.
  • ГЗБГЗЗГ-ын даргын аймгуудын ГХБХБГ-ын даргатай байгуулсан 2019 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсан 1 сумын газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хүлээн авч нэгтгэж байна. Үр дүнг газар зүйн нэрийн Зөвлөлд 2019 оны 12 дугаар сард танилцуулахаар төлөвлөсөн.
  • “Газар зүйн нэр шинээр өгөх, өөрчлөх, солбицолжуулах, нэрийн мэдээллийн сан хөтлөх заавар” БНбД-ийн төслийг Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж БХБЯ-ны ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн.

    Дундговь аймгийн Сайнцагаан сумын газар зүйн нэрийн хээрийн тодруулалтын ажлын талаар Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт 610 нэр УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан ба тодруулалтын ажлаар 446 нэр газар зүйн нэрийн зураг, жагсаалттай таарч, 91 нэрийн үг, үсэг зөрсөн, 73 нэр байршил нь тодорхойгүй байна.Тодруулалтын ажлаар байршил нь тодорхой нэрийн хамрах хүрээг тогтоож, нэрийн мэдээллийн сан үүсгэх юм. Мөн Иргэн Г.Даваагаас газар зүйн нэрийг тодотгох, өөрчлөх, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх талаар ирүүлсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

.

3. Газар зүйн нэрийн зөвлөлийн 2020 оны 1 дүгээр хурал

    “Газар зүйн нэрийн зөвлөл”-ийн 2020 оны анхдугаар хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Засгийн газрын 12-р байранд зохион байгуулагдлаа.

Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Дундговь аймгийн Өлзийт сумын Газар зүйн нэрийн тодруулалтын ажлын танилцуулга,

  1. “Газар зүйн нэрийг тогтоох, хамгаалах, хадгалах, ашиглах журам”-ын төслийн танилцуулга,
  2. Газар зүйн нэрийн Зөвлөлийн 2020 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө.
  3. Газар зүйн нэрийн Зөвлөл 2020 онд 4 удаа хуралдана.

    2020 онд орон нутгийн төсвөөр Дундговь аймгийн 13 сум, Дорнод аймгийн 2 сум, Булган аймгийн 7 сумын газар зүйн нэрийн тодруулалт хийсэн үр дүнг дараагийн хурлуудаар танилцуулахаар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч хэлэлцэхээр төлөвлөлөө.

    Энэхүү хурлаар Газар зүйн нэрийн тодруулалт хийх ажлыг нэгдсэн арга зүйг баримтлан гүйцэтгэх, журмыг ЗГ-аар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээш буцах