EN

Олон улсын төслүүд

    Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь салбарын хөгжлийг сайжруулахын тулд олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол орондоо амжилттай хэрэгжүүлэхийг зорин ажилладаг. Орос, Солонгос, Япон улс болон Дэлхийн банк, НҮБ зэрэг байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хэрэгжилт, чадавхийг бэхжүүлэх төсөл

2021

Дэлхийн банк,

ГЗБГЗЗГ,

UN-GGIM

          Дэлхийн банкны Газар, орон зайн чиглэлийн багийн зөвлөхүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийхээр Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 14-25-ны өдрүүд болон 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд ажиллаж байна. Зөвлөх баг нь:

  • Катерин Келм, /Зөвлөх багийн ахлах, Дэлхийн банк/
  • Эндрью Күүт, /ConsultingWhere компанийн захирал/
  • Др. Лесли Арнолд, /Geospatial Frameworks компанийн захирал/
  • Саймон Вилс, /Орон зайн зөвлөх/ гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн.

      Дээрх уулзалтуудын үр дүнд Зөвлөх баг нь байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлан, судалгааны үр дүн, шаардлагатай хөрөнгө оруулалт, арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулахаар 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хэлэлцүүлэг хийсэн.

Дэлхийн банкны Монгол улстай түншлэх 2021-2025 оны стратегийн төслийн баримт бичигт орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээр санал тусгуулах ажлыг БХБЯ-тай хамтран зохион байгуулж, холбогдох мэдээллээр ханган ажилласан.

2021.03.15-нд ГДДЗХ-аар НҮБ, Дэлхийн банкны Зөвлөх багтай хамтран боловсруулсан Монгол Улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн судалгааны үр дүн, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэв.

“Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөө”, “Орон зайн суурь 18 өгөгдлийн хүрээ”-г боловсруулж, 2021 оны 05 дугаар сарын 11-нд зохион байгуулагдсан Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 5 дугаар хурлаар хэлэлцүүлж батлуулав.

“Монгол улсад Ухаалаг хотыг дэмжих орон зайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох мастер төлөвлөгөө гаргах” төслийн санал

2022

БНСУ-ын LX(Korea Land and Geospatial InformatiX Corporation) “Шинхан агаарын зураглал” ХХК,

ГЗБГЗЗГ

          БНСУ-ын LX(Korea Land and Geospatial InformatiX Corporation) “Шинхан агаарын зураглал” ХХК-тай емайлээр холбогдон ажиллаж, төслийн саналыг БХБЯ-тай хамтран Сангийн яам руу хүргүүлсэн. Сангийн яамнаас БНСУ-ын Элчин Сайдын яамаар дамжуулан БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам руу хүргүүлсэн. 

         -БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны харьяа “Шинхан агаарын зураглал” ХХК-ийн төлөөлөгчидтэй “Монгол улсад Ухаалаг хотыг дэмжих орон зайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох мастер төлөвлөгөө гаргах” төслийн санал боловсруулж БХБЯ, СЯ, БНСУ-ын Элчин Сайдын яаманд хүргүүлсэн. Хамтарсан төслийн хүрээнд “Шинхан агаарын зураглал” ХХК-ийн төлөөлөгчдийг 2022 оны 3-р сарын 11-ний өдөр хүлээн авч уулзаж,  цаашид БНСУ-ын талаас төслийг батлуулах тал дээр анхаарч, Монгол дахь эрэлт, хэрэгцээний талаар Газар, дэд бүтэц, тээврийн яаманд танилцуулж, уламжлахыг хүссэн.

Япон улсын гео-орон зайн мэдээллийн агентлаг

2023

ГЗБГЗЗГ

           Япон Улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн /GSI/ Сансрын геодезийн судалгааны хэлтсийн захирал Basara Miyahara, Физик геодезийн хэлтсийн дарга Toshihiro Yahagi нар 2019 оны 03 сарын 11-15-ны өдрүүдэд ГЗБГЗЗГ-т ажилласан. Төлөөлөгчид 2019 оны 03 сарын 12-ны өдөр газрын дарга Ц.Ганхүү болон удирдлагууд, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулсан. 2019 оны 03 сарын 14-ний өдөр ГЗБГЗЗГ-ын удирдлагуудад Монгол Улсад ажилласан ажлын үр дүнг танилцуулж, цаашид хамтран ажиллах, нэгдсэн шийдэлд хүрсэн.

2019 оны 03 сарын 13-ны өдөр ГЗБГЗЗГ-ын ГЗЗХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ахлах мэргэжилтэн В.Отгонбаяр, мэргэжилтэн Ж.Алимаа нар Япон улсын 2 төлөөлөгчийн хамт Цэцэг зочид буудлын подвалд байрлах Монгол Улсын гравиметрийн сүлжээний эхлэл цэгтэй танилцаж, абсолют гравиметрийн хэмжилт хийх боломжтой эсэхийг судлав. Мөн Төв аймгийн ГХБХБГ-ын байрны дээвэр дээр байрлах GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын антен, хүлээн авагчийн байдалтай танилцав. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Монгол Улсын өндрийн 2-р ангийн сүлжээний 1731 дугаартай реперийг үзэж сонирхсон.

Япон улсын Хэмжил, зураглалын байгууллагын багажийг ашиглан УБ, Хөвсгөл, Архангай аймгийн төвд байрлах гравиметрийн цэг дээр тус бүр 6-7 хоногийн гравиметрийн хэмжилт хийнэ. Японы тал багажийг Япон улсаас Монгол улсад авч ирэх, МУ-аас Япон улс руу хүргэх тээврийн зардлыг хариуцна.

Монголын тал япон мэргэжилтнүүдийн замын зардал, зочид буудал, хоол, багажны монгол улс доторхи тээвэрлэлт, гаалийн хураамж, монгол мэргэжилтнүүдийн томилолтын зардлыг ГЗБГЗЗГ хариуцахаар төлөвлөсөн боловч хэмнэлтийн хуулиар төсвөөс танагдаж, 2023 онд хийж гүйцэтгэхээр хойшлуулсан. 

“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл

2022

НҮБ-ын Хүнс хөдөө, аж ахуйн байгууллага,

ГЗБГЗЗГ

          НҮБ-ын Хүнс хөдөө, аж ахуйн байгууллага болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулсан.

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын эхлэлийн тайланд хяналт хийж, дүгнэлт гарган, тус газрын 2022 оны 5 сарын 3-ны өдрийн 1/830, 1/831, 1/832, 1/833 тоот албан бичгээр гүйцэтгэгч болон захиалагчид тус тус хүргүүлсэн.

Монгол орны хуурай хээрийн бүс нутгийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зорилго бүхий “Дорнод монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслөөс aймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны А/280 тоот захирамжаар байгууллагдсан салбар дундын ажлын хэсэгт Газрын тогтвортой менежмент, газрын доройтлыг бууруулах талаарх олон улсын туршлага, газар зохион байгуулалтыг жендэрийн мэдрэмжтэй хэрхэн төлөвлөх тухай сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

Сургалтаар газрын тогтвортой менежмент, газрын доройтлыг бууруулах, газар зохион байгуулалтыг жендэрийн мэдрэмжтэй хэрхэн төлөвлөх талаар ярилцсан.

“Өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын өгөгдөл ашиглан газар ашиглалт, усны нөөцийн динамик хяналт хийх, хэрэглээнд нэвтрүүлэх” төслийн санал

2022

БНХАУ

Бүгд найрамдах хятад ард улсын байгалийн нөөцийн яам, Газрын хиймэл дагуулын зайнаас тандан судлалын хэрэглээний төв

БНХАУ-ын Газрын хиймэл дагуулын зайнаас тандан судлалын төвтэй хамтран “Өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын өгөгдөл ашиглан газар ашиглалт, усны нөөцийн динамик хяналт хийх, хэрэглээнд нэвтрүүлэх” төслийн саналыг боловсруулан БШУЯ-руу хүргүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурлаар төслийн саналаа товч танилцуулж, хэлэлцүүлсэн. 

Дээш буцах