EN

Орон зайн мэдлэгийн дэд бүтцийн дээд хэмжээний уулзалт 2022

Орон зайн мэдлэгийн дэд бүтцийн дээд хэмжээний уулзалт 2022 оны 2-р сарын 24, 25-ны өдрүүдэд 07:00-11:00 (EST) /20:00-00:00/ цагийн хооронд "Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь" сэдвээр Виртуал хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Хуралд Америк, Нидерланд, Энэтхэг, Канад, Африк, Индонез зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс орон зайн мэргэжилтнүүд хамрагдлаа. Зарим илтгэгчдийн онцолсон сэдвүүдээс дурьдвал:
Доктор Грег Скотт, НҮБ-ийн GGIM-ийн бүс хоорондын зөвлөх:
2011 онд анх Орон зайн менежментийн хороог байгуулж байхад орон зайн өгөгдлийн ач холбогдлыг бага мэддэг байсан. Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг /IGIF/ нийт 53 улс орон хэрэгжүүлж байна, үүний дийлэнх нь хөгжиж буй орнууд юм. IGIF нь үндэсний хэмжээний засгийн газрын түвшинд чиглэдэг бол Орон зайн мэдлэгийн дэд бүтэц GKI нь орон зайн үйлдвэрлэл, худалдаа, инновац руу чиглэх юм.
Жон Кедар, “Geospatial World” нийгэмлэгийн Стратегийн зөвлөх:
Өнөө үед орон зайн салбарын технологи өөрчлөгдөж байна, мөн түүний хэрэглэгчид өөрчлөгдөж байна. Тиймээс бодлогын түвшинд өөрчлөгдөж, нэгдсэн бодлогоор хангах хэрэгтэй. Орон зайн суурь өгөгдөл бол Үндэсний Цахим Хөгжлийн үндэс, суурь нь юм.
Жилл Салиго-Симмел, ESRI-ийн бүтээгдэхүүний менежер:
Аливаа цаг агаарын өөрчлөлт, гамшиг, тахал, дэд бүтэц, хөгжил дэвшил зэрэг бүх л зүйл улсын хилийг давж гардаг, тиймээс хамтын ажиллагаа үргэлж чухал юм. Орон зайн өгөгдлийн хэрэгцээ, шаардлага өмнөх өмнөхөөсөө илүү нэмэгдэж байна, үүнийг дагаад веб систем хөгжүүлэгчдийн хэрэгцээ, өгөгдөл эзэмшигчдийн зөвшөөрөлтэйгөөр өгөгдлийг түгээх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Тэгэхээр шинэ арга зам бол хамтын ажиллагаа юм.
Сива Равада, Oracle-ийн дэд ерөнхийлөгч:
Хэрхэн Орон зайн мэдлэгийг илүү үр дүнтэй хэрэглэх вэ, Хэрхэн орон зайн өгөгдлийг эцсийн хэрэглэгчид хүргэх вэ гэдэг асуудал байнга гардаг, бусад олон салбараас өөр өөр хэрэглэгчид хандаж байна. Хэрвээ Орон зайн мэдлэгийн дэд бүтцийн талаар ойлгохгүй бол, арга замаа сонгож, үйл ажиллагаа өрнүүлж чадахгүй юм.
Майкл Галлахер, “World Wide Technology”-ийн Стратегийн зөвлөх:
GKI-ийн тулгамдаж буй асуудал нь хүний нөөцийг бэлтгэх, хэрхэн технологийг эцсийн хэрэглэгчид зориулан хөгжүүлэх юм. Хүн төрөлхтөн техник, технологигүйгээр амьдарч чадахгүй, мөн юу хэрэгтэй байгаагаа хэлж чадахгүй, аливаа аппликэйшн, том системийн цаана нь орон зайн өгөгдөл байдгийг хэрэглэгчид мэддэггүй.
Том Айвес, “AI Strategy Corporation”-ийн судлаач:
Хиймэл оюун ухаан нь шинэ өөрчлөлт, шинэ боломжийг олгож байна, 5-6 жилийн өмнө хэрэгцээ шаардлага ингэж өснө гэж бид мэдэхгүй байсан. Орон зайн чиглэлийн хувийн хэвшил нь дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатай, мөн зөвхөн хөрөнгө оруулалт чухал биш, бодлоготой хослуулах нь бас чухал юм.
Дээш буцах