EN

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БРАЙЛЬ АТЛАС ЗОХИОЖ ХЭВЛҮҮЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд Г.Ганбаяр, Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нар өнөөдөр 9 дүгээр сарын 1-ний өдөр 116 дугаар сургуулийн багш, сурагчдад Брайль атласыг гардууллаа.

2018 онд БХБЯ, ГЗБГЗЗГ-аас харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан 4 төрлийн брайль газрын зургийг зохион, хэвлүүлсэн билээ. Үүнд:

1.    Дэлхийн газрын зураг,

2.    Монгол орны засаг, захиргааны зураг,

3.    116 дугаар сургууль орчмын тойм зураг,

4.    116 дугаар сургуулийн хашаан доторх тойм  зураг.

БХБЯ, ГЗБГЗЗГ-аас 2019 онд санаачлан Монгол улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан Монгол Улсын брайль атлас зохион, хэвлүүлээд байна.

Брайль атласыг 21 аймаг, нийслэлийн хил, сумын хил, сумын төв, томоохон гол, нуур, тэдгээрийн нэр гэсэн агуулгатайгаар 1:200000-1:1700000-ны масштабаар зохиосон.

Брайль газрын зураг нь харааны бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн ба хараагүй иргэдэд зориулан газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичсэн төдийгүй харааны тодорхой хувийн алдагдалтай иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлсэн.

Харааны бэрхшээлтэй иргэд, сурагчид Монгол улсын брайль атласаар дамжуулан засаг захиргааны нэгж болон томоохон гол, нуурын нэр, байршил, хэлбэр, хэмжээг мэдэж авах боломж бүрдэж байна.

Брайль атласыг олон улсын стандартад нийцсэн арга, технологиор хийж гүйцэтгэсэн.

Дээш буцах