EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХИЖУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/101 тоот тушаалаар Газрын харилцааны ажилтны өдрийг угтан зохион байгуулах ажлын төлөвлөгөө-г баталсан бөгөөд энэ ажлын хүрээнд Газрын харилцааны ажилтнуудыг чадавхижуулах цахим сургалтыг цуврал байдлаар аймаг, нийслэл, дүүргийн Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгуулж байна.

Эхний сургалтыг тус газрын Газар зохион байгуулалтын хэлтсээс зохион байгуулж, Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн чиглэлээр чадавхижуулах цахим сургалт-ыг 2021 оны 5 сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 60 орчим мэргэжилтэн, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 55 орчим мэргэжилтэн нийтдээ давхардсан тоогоор 110 орчим мэргэжилтэн оролцлоо.

Сургалтын хүрээнд улсын болон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөлт хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем-д дэд бүтцийн хамгаалалтын бүс, зурвас газрыг оруулах ажлын явц, анхаарах асуудал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, газар өмчлөлийн төлөвлөлт, түүнийг баталгаажуулах ажлын байдал зэрэг газар зохион байгуулалтын ажлын талаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газар чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, санал авах ажлыг зохион байгууллаа.

Дээш буцах