EN

ЦАХИМ БИРЖИЙН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хамтран газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах, газрын зах зээлийн үнийн мэдээ цуглуулж нэгдсэн мэдээллийн сан бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллээр иргэд, олон нийтэд үйлчлэх, зорилгоор Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
✅Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа;
✅Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт;
✅Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхтэй холбогдсон арилжаа;
✅Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад ашиглуулахтай холбогдсон арилжаа;
✅Газрын худалдаа, түрээсийн зар мэдээлэл, зуучлалын үйл ажиллагаа;
✅Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг эрхлэх, олон нийтэд мэдээлэх;
Энэхүү систем нь 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 330 сумын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд тус систем нь Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сан, Газрын үнэлгээний мэдээллийн сантай болон бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжтой.
Мөн иргэд, хуулийн этгээд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээг авах боломжтой.
Дээш буцах