


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцан албан хаагчидтай уулзаж, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газрын харилцааны салбарын үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахимаар үзүүлж буй асуудал, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажлын явц, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, албан хаагчдын ажиллах нөхцөл зэрэг олон асуудлаар санал солилцож, тодорхой ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай талаар үүрэг, чиглэл өглөө. Үүнд:

Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем ажиллуулах зэрэг журмуудыг хэрэгжүүлж ажиллах;

Аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг ЗГ-ын 2022 оны 267 дугаар тогтоолын дагуу ITRF2020 солбицлын тогтолцоонд шилжүүлж хийх ажлын үе шатны гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, мөн гүйцэтгэгчээс чанартай ажлыг хүлээн авах тал дээр анхаарч ажиллах;

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой иргэн, хуулийн этгээдийн нийт 27 төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журамд заасны дагуу ажлын 5-15 хоногт багтаан шийдвэрлэх;

Иргэн, хуулийн этгээдээс газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой хүсэлтэд хавсаргадаг 30 гаруй төрлийн цаасан материал буюу төрд байгаа мэдээллийг дахин шаардахгүйгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх;

Газар эзэмших эрх шилжүүлэх үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хувь, хуулийн этгээдийн орлогын албан татварын нэхэмжлэхийг цахимаар үүсгэж, цахимаар төлөх боломжийг бүрдүүлсэнтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээдийн газрын эрх шилжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх;

КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хаягийн нэгдсэн системийг шинэчлэх, олон улсын жишигт нийцсэн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа тул тухайн системийн суурь өгөгдөл мэдээллийг зураглах, боловсруулах, батлагдаагүй гудамж, зам талбайг нэршүүлэх ажлыг орон нутгийн хэмжээндээ зохион байгуулж ажиллах;

Сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн хэмжээнд бүрэн хийж дуусгах, батлагдсан төлөвлөгөөнүүдэд нийцүүлэн сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж, иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулах;

Тус агентлагийн дарга А.Энхманлай нь Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбаттай уулзаж аймаг орон нутгийн газрын харилцаатай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар санал солилцож цаашид хамтран ажиллахаар болов.
Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрийн 28000 га талбай бүхий газарт 1:1000 масштабтай байр зүйн зургийг ITRF2020 солбицлын тогтолцоонд шинээр хийж гүйцэтгэж байгаа Топ сурвэй ХХК-ийн ажлын явцтай газар дээр танилцаж, санал солилцлоо.
ГЗБГЗЗЕГ-ын удирдлагын зүгээс аймгийн ГХБХБГ-ын Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторийн барилгын төсвийг шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллах, мөн аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийллээ.