Эрхэм хүндэт Танд энэ өдрийг мэндийг хүргэе!
Эрхэм зочин танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай байгууллагын цахим хуудаст тавтай морилно уу? Монгол Улсын Засгийн газар 2025-2028 оныг “Шинэ итгэл, эрс шинэтгэл”-ийн жил гэж зарлан. Энэ хүрээнд төрийн засаглал, дижитал шилжилт, бүсчилсэн хөгжил, авлигын эсрэг бодлого зэрэг 10 гаруй реформыг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлээд байгаа билээ. Ингэсэнээр төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах, ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилсан шинэ төрийн албыг төлөвшүүлэх юм.
Газрын харилцааны салбар нь 2025 оныг “Иргэдийн итгэл хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, төрийн үйлчилгээг бүрийг хурдан, ойлгомжтой, ил тод байлгахын төлөө алхам тутамдаа хичээж, чармайн ажиллалаа.
Харин 2026 оныг “Төрийн албан хаагчийн ёс хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж, дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Үүнд:
• Газар шинээр олголтыг бүрэн цахим системд шилжүүлж, ил тод, авлигагүй, шударга шийдвэрлэдэг болгох.
• Иргэн бүр газар өмчлөх эрхээ бодитоор эдлэх нөхцөлийг бүрдүүлэн, газар өмчлөлийн хамралтыг нэмэгдүүлэх. “Иргэн бүрд газар” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
• Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, шийдвэрлэх хугацааг бууруулж, ил тод байдал, хяналтыг сайжруулах.
• Хот байгуулалтын кадастрын нэгдсэн системийн 20 гаруй үйлчилгээг цахимжуулж, төрийн байгууллагуудын мэдээллийн сантай холбож, иргэн, хуулийн этгээд цахимаар үйлчилгээ авах.
• Геопорталаар дамжуулан төрийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтын "Нэг газрын зураг", иргэд, олон нийт, бизнесийн зориулалттай "Нээлттэй газрын зураг" цахим цахим үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлэх.
• Газар зүйн мэдээллийн системд тулгуурласан хаягжилтын нэгдсэн сан бүрдүүлж, иргэд, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлэх.
• Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн болон Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн нөөц дата төвийг байгуулж, ашиглалтад оруулах.
• Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд ирүүлсэн гомдол, мэдээлэл, зөрчлийн хэргийг “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”, Газар, геодези, зураг зүйн хяналт шалгалтын цахим систем дамжуулан шийдвэрлэх.
• Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх.
• Үнэ цэн бүхий археологийн дурсгалт газрыг аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үнэлгээ хийж, дурсгалт газруудыг хамгаалж, газрын харилцааны мэдээллийн кадастрын санд бүртгэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.ЭНХМАНЛАЙ