Газрын харилцааны ажилтны өдрийг угтсан ГАЗРЫН ХАРИЛЦАА-2026 эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Эрдмийн танхимд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Тус бага хуралд эрдэмтэн судлаачдаас газрын харилцааны эрх зүйн орчин, газар ашиглалт, төлөвлөлт, газрын төлөв байдлын өөрчлөлтийн чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ.
Тус хурлыг Хөдөө аж ахуйн их сургууль, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв, Монголын газар зохион байгуулалтын холбоо, Монголын кадастрын холбоо, Геоботаник ХХК, Газар дэлхий ХХК хамтран зохион байгуулсан юм.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын алба хаагчдаас нийт 4 илтгэл хэлэлцүүлж оролцсоноос Г.Гэрэлтуяа, Ц.Ихбаяр нарын “Орон зайн төлөвлөлтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт судалгааны өгүүлэл нь тус хурлын шилдэг өгүүллээр шалгарч Монголын газар зохион байгуулалтын холбооны нэрэмжит Грант шагналыг хүртлээ.
Тус бага хуралд оролцсон эрдэмтэн, судлаачдаас газрын харилцааны эрх зүйн орчин, газар ашиглалт, газрын төлөв байдлын өөрчлөлтийн чиглэлээр орчин үеийн судалгаанд нэвтэрч буй арга зүйг ашиглан гүйцэтгэсэн судалгааны ажлуудаа танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ.
Хурлын төгсгөлд газрын харилцааны салбарт эрдэмтэн судлаачдын бүтээл судалгааны ажлуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, бодлого төлөвлөлтөд тусгах зэрэг газрын харилцааны салбарт цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг тодорхойлж нэгдсэн зөвлөмж гаргасан юм.