
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтан Монгол Улсын Их Сургуулийн харъяа ерөнхий боловсролын ахлах лицей сургууль дээр тус газрын Геодези, зураг зүйн хэлтэс, Кадастрын хэлтэс болон Геодези зураг зүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй “Баясах Сурвэй” ХХК-ийн төлөөллүүд хамтран “БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ? мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгт МУИС-ийн харъяа Нийслэлийн ерөнхий боловсролын ахлах лицей сургуулийн ахлах болон төгсөх ангийн сурагчид, сургалтын менежер, багш нар оролцсон бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагаа, газрын харилцаа геодези, зураг зүйн салбарын уялдаа холбоо, өнөөгийн байдал, газрын нэгдмэл сан, газрын кадастрын чиглэлийн үйл ажиллагааг товч танилцууллаа.


“Баясах Сурвэй” ХХК-ийн инженерүүд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий өндөр нарийвчлалын багаж, тоног төхөөрөмжийг ашиглан геодезийн хэмжилт, зураглал, (байрлал-өндөр тодорхойлох) нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр (дрон) агаараас зураг авах ажлыг хэрхэн гүйцэтгэдэг талаар мэдээлэл хүргэж багажтай ажиллах практик дадлагыг сурагчдын хамт туршиж үзүүллээ.

Ингэснээр сурагчид Геодезийн инженер, газрын кадастрын мэргэжлээр газрын харилцааны салбарт хаана, ямар ажлыг аль багаж хэрэгслийг ашиглан хэрхэн гүйцэтгэх талаар товч ойлголтыг авч ирээдүйн мэргэжил сонголтынхоо цар хүрээг нэмэгдүүллээ.
“Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулахад дэмжин хамтран ажилласан МУИС-ын харъяа ерөнхий боловсролын ахлах лицей сургуулийн удирдлага, багш, сурагчид болон “Баясах Сурвэй” ХХК-ийн хамт олонд талархалаа илэрхийлье.
Мэргэжил бүхэн сайхан.