Харин төрийн үйлчилгээний цахим систем И-Монгол системээр дамжуулан газартай холбоотой 15 төрлийн лавлагаа, тодорхойлолт үнэ төлбөргүй үзүүлж байгаа бөгөөд лавлагаа, мэдээллийн төрөл, газрын харилцааны цахим үйлчилгээний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын эрх зүйн зохицуулалт шинэчлэгдсэнтэй уялдуулан одоо мөрдөгдөж байгаа үйлчилгээний хөлсний зохицуулалтыг цахим үйлчилгээний өнөөгийн нөхцөлд нийцүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 173 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан баталлаа.
Тус шийдвэрээр газар ашиглалтын зориулалт өөрчлөх, газрын эрхийн төрөл өөрчлөх, нэгж талбар нэгтгэх, хуваах зэрэг үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчилж, газрын хэмжээнээс хамаарсан өндөр төлбөрийн тогтолцооноос үйлчилгээний бодит өртөгт суурилсан нэгж үйлчилгээний хөлсний тогтолцоонд шилжүүллээ. Мөн газрын төлөв байдал, газрын захиалгат хянан баталгааны мэдэгдэх хуудас, геодезийн хэмжилт, зураглалын багаж эзэмшигчийн лавлагаа, баталгаажилтын түүхчилсэн лавлагаа, баталгаат хугацааны лавлагаа, геодезийн цэг тэмдэгтийн хувийн хэргийн мэдээлэл зэрэг лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй болголоо. Газрын харилцааны цахим шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем болон Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Геопортал цахим системийг үе шаттайгаар хөгжүүлж байна. Үүний үр дүнд газрын харилцааны 47 төрлийн үйлчилгээ, лавлагаа, мэдээллийг иргэн, хуулийн этгээд цахимаар авах боломж бүрдсэн.
Энэхүү шинэ зохицуулалт хэрэгжсэнээр иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ, лавлагаа, мэдээлэл авахтай холбоотой зардал хэмнэгдэхийн зэрэгцээ төрийн мэдээлэл, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.