

Сургалтад Сэлэнгэ, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд болон газрын даамлуудаас бүрдсэн нийт 60 гаруй албан хаагчид оролцож, газар зохион байгуулалт, газрын мониторинг, салбарын эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
Сургалтын хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, газрын мониторингийн үйл ажиллагаа, газар өмчлөл, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, шинээр батлагдсан журам, заавар, аргачлал болон Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн нэмэлт хөгжүүлэлтийн талаар сүүлийн үеийн мэдээллийг өгч ажиллаа.
Энэхүү сургалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд газрын харилцааны салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэлийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд өнгөрсөн жил гаруйн хугацаанд газар зохион байгуулалтын төлөвлөлтийн аргачлалыг сайжруулах, газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийг хөгжүүлэх, хөрсний мэдээллийн сан байгуулах, судалгаа, датаны чанарын хяналт хийх, Газрын тухай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг олон ажлыг хийж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.