ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Газар зүйн тодорхой орон зайд орших байгалийн болон хүний үйл ажиллагаагаар бүтээгдсэн биет юмс, үзэгдэл, түүний шинж чанар нь орон зайн өгөгдөл болдог бөгөөд дэлхий нийтээр тэдгээрийг тодорхой шинжлэх ухаан, техник, технологийн тусламжтайгаар хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн бүрдүүлж, орон зайн өгөгдлийг боловсруулан газрын харилцаа, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин зэрэг олон салбарт өргөнөөр ашиглаж байна.  

Өнөөдөр дэлхийн 100 гаруй улс өөрийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулаад байгаа бөгөөд манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 40 орчим хуульд орон зайн өгөгдөл, мэдээллийн шинжийг агуулсан өгөгдөл, мэдээллийг боловсруулах, бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэхтэй холбогдсон үйл ажиллагаа, тэдгээрийн системтэй холбогдсон асуудлыг зохицуулж байна. Энэ нь орон зайн өгөгдөл бүхий мэдээллийн санг яамд, тэдгээрийн харьяа байгууллагууд өөр өөрсдийн түвшинд, олон төрлийн шийдлээр зөвхөн тухайн салбар, байгууллагын хэрэгцээнд зориулан байгуулж, бусад байгууллагатай зөвхөн тоон болон цаасан хэлбэрээр мэдээлэл солилцох байдлаар ашиглаж байна. Үүний улмаас орон зайн өгөгдлийг давхардуулан бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын үргүй зардал гарах, төрийн бодлого, шийдвэр, нэгдсэн төлөвлөлт уялдаагүй, хэрэгжилт хангалтгүй байх байх, мэдээллийн нэгдмэл, нээлттэй, алдаагүй, шинэлэг байх нийтлэг зарчмыг алдагдуулж байгаа тул Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, түүний бодлогын орчныг тодорхойлох зайлшгүй шаардлага үүсээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан бөгөөд 5 бүлэг, 21 зүйлтэйгээр хуулийн төслийг боловсруулаад байна.
Та бүхэн Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төсөлтэй танилцаад, холбогдох саналаа доорх хаягаар ирүүлнэ үү.


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Орон зайн өгөгдөл дэд бүтцийн газрын ахлах мэргэжилтэн Г.Хулан

khulan.g@gazar.gov.mn

Утас: 51-264596