САЛБАРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ХҮСЭЛТ ГАРГАГЧ

Хэрэв та газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох, Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох, Геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх чиглэлээр тусгай зөвшөөрөл авах гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй танилцах шаардлагатай. Холбогдох хууль, журам, нөхцөл шаардлага, зохицуулалт-ын баримт бичигтэй https://www.gazar.gov.mn/system/license, https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311 дарж танилцана уу.

Тусгай зөвшөөрөл шинээр авах, эсвэл сунгуулахаар хүсэлт гаргагч нь салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, тэдгээрт хяналт тавих https://license.gazar.gov.mn/ цахим системээр эрхлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны төрлөөс хамааран холбогдох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ. Хүсэлт гаргагч нь холбогдох баримт материалыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, дүгнэлт гарган, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

Та холбогдох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ https://license.gazar.gov.mn/#content заавар-ыг сайтар уншиж, дэлгэрэнгүй зааварчилгаа, тайлбар, жишээ загвартай танилцана уу. Хэрэв дээрх заавар, тайлбараас асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол доорх утсаар тодруулна уу.

Газар, хэлтэс: Төрийн захиргаа, удирдлагын газар

Албан тушаал: Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Мэдээлэл хариуцагч: Ө.Даваасүрэн

Утас: (51) 262582

Имэйл: davaasuren.u@gazar.gov.mn

Та тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан бол тухайн шийдвэрт заасан хугацаанд Салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, тэдгээрт хяналт тавих https://license.gazar.gov.mn/ цахим системд “Тушаалд сайд гарын үсэг зурсан” төлөвт шилжиж, төлбөр төлөх цонх нээгдэнэ. Төлбөрийг гарч ирсэн QR кодоор төлнө. Төлбөр төлөгдсөний дараа гэрчилгээг цахим системээр хэвлэж авна. Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу

28.1.6. газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 300 000 төгрөг, сунгахад 200 000 төгрөг;

28.1.7. газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 300 000 төгрөг, сунгахад 200 000 төгрөг;

28.1.8. геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгоход 200 000-500 000 төгрөг, сунгахад 300 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө.

Тусгай зөвшөөрлийн гэрээ болон гэрчилгээ нь төлбөр төлсний дараа хэвлэх боломжтой харагдана. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт өөрийн биеэр ирж гэрээ, гэрчилгээ авах шаардлагагүй бөгөөд цахимаар хэвлэх, харах боломж бүрдсэн.

Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, тэдгээрт хяналт тавих https://license.gazar.gov.mn/ цахим системээр цахимаар гаргана. Хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хууль, холбогдох нөхцөл, шаардлагад заасны дагуу хүлээн авна. Хэрэв таны бүрдүүлсэн материалын иж бүрдэл дутуу бол Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, түр нөхцөл, шаардлагын дагуу буцаагдана. Иймд бүрэн гүйцэд материал ирүүлэх нь дүгнэлт гаргаж, олгох ажлыг түргэн шуурхай болгоход тустай гэдгийг анхааралдаа авна уу.

Тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн хариуг салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, тэдгээрт хяналт тавих цахим системээр хүргүүлнэ.

Гэрчилгээ олгогдсон өдрөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч болж байгаа бөгөөд гэрээний хэрэгжилт болон зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж, Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 5 жил байна. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагааг байнга эрхлэн явуулах ёстой ба эхлээгүй бол Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болгохыг анхаарна уу.

ХҮНИЙ НӨӨЦИЙН САНД АЖИЛТАН БҮРТГЭХ ЗААВАРЧИЛГАА

1. Хүсэлт гаргахад хамаарагдах ажилтан танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системд бүртгүүлнэ үү. Хэрэв бүртгэлтэй бол цахим системийн нүүр хуудаст байх "Иргэнээр нэвтрэх" хэсгээр орж "ДАН" системийн бүртгэлээр нэвтэрнэ. Нэвтрэх үед гарч ирэх гэсэн асуултад "Зөвшөөрөх" дарж, систем сонгох хэсгээс "хуулийн этгээдийн ажилтан"-г сонгох шаардлагатай. Энэ үйлдлийг амжилттай гүйцэтгэснээр хүсэлт гаргагч байгууллагын хүний нөөцийн санд бүртгэгдэх боломж үүснэ.

2. Хүний нөөцийн санд ажилтнуудынхаа РД, албан тушаалын нэр, ажилд орсон огноо, үндсэн ажилтан эсэхийг сонгон өөрийн аж ахуйн нэгжид бүртгэнэ. Инженер бусад боловсон хүчний албан тушаалын нэрийг оруулахдаа өөрийн хамаарах тусгай зөвшөөрөл, гэрчилгээжүүлэлтийн холбогдох журамд заасан албан тушаалын нэрээр бүртгэх ёстойг анхаарна уу.

3. Хэрэв ажилтан хүний нөөцийн санд бүртгэгдсэн бол танай ажилтан цахим системийн "Иргэнээр нэвтрэх" хэсгээр хандан "ДАН" системд нэвтрэх төрлүүдээс сонгон нэвтэрч баталгаажуулах товч дарснаар Хүсэлт гаргах цонхны боловсон хүчний хэсэгт бүртгэлтэй ажилтнууд сонголтоор харагдана.

ТУСГАЙ ШААРДЛАГА

Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг нөхцөл, шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

- Геодези, зураг зүйн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй нэгээс доошгүй ажилтантай;

- Таван сантиметрээс ихгүй дундаж квадрат алдаа бүхий геодезийн хэмжилтийн электрон тахеометр эсвэл хиймэл дагуулаас байрлал тодорхойлох хоёр долгионы багажтай, таван миллиметрээс ихгүй хэмжилтийн нарийвчлалтай өндрийн хэмжилтийн багаж хэрэгсэлтэй байх;

- бусад шаардлагатай тоног, төхөөрөмж, программ хангамж, бичиг баримт;

Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг нөхцөл, шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

- Газар зохион байгуулагчийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй хоёроос доошгүй, газрын кадастрын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй нэгээс доошгүй ажилтантай байх;

- Газар зохион байгуулагч нэг ажилтан нь мэргэшсэн инженер, түүнээс дээш зэрэгтэй байх;

- Хөрс судлаач болон ургамал судлаачийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй ажилтантай байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулж болно;

- Бусад шаардлагатай тоног, төхөөрөмж, программ хангамж, бичиг баримт;

- Гэрээгээр ажил гүйцэтгэх ажилтан нь 2 хүртэлх аж ахуйн нэгжид ажиллаж болно;

Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг нөхцөл, шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

- Газрын кадастрын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй хоёроос доошгүй, газар зохион байгуулагчийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй нэгээс доошгүй ажилтантай байх;

- Газрын кадастрын нэг ажилтан нь лэнд менежер программ хангамжийн сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх;

- бусад шаардлагатай тоног, төхөөрөмж, программ хангамж, бичиг баримт;

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Газар, хэлтэс: Төрийн захиргаа удирдлагын газар

Мэдээлэл хариуцагч: Ө.Даваасүрэн

Утас: (51) 262582

Имэйл: davaasuren.u@gazar.gov.mn