ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ДҮГНЭЛТ ГАРГАХ, ХЯНАЛТ ТАВИХ ТАЛААР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газрын тухай хуулинд 2023 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон энэ хуулийн 25.1.4-т заасан төлөвлөгөөний төсөлд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих хуулийн зохицуулалттай болсон.
Уг заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд дүгнэлт гаргах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Тус газраас нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хянах, дүгнэлт гаргах, баталгаажуулах ажлыг цахим системээр дамжуулан гүйцэтгэх нэмэлт хөгжүүлэлт хийж, улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн газрын албаны газар зохион байгуулалт, төлөвлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнүүдийг хамруулсан 50 гаруй албан хаагчдад 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цахим сургалт зохион байгууллаа.
Энэхүү цахим системийн хөгжүүлэлтийн үр дүнд төлөвлөгөөний төсөлд дүгнэлт гаргуулахдаа албан бичиг солилцдог шат дамжлагыг байхгүй болгож цахим системээр дамжуулан түргэн шуурхай шийдвэрлэх боломж бүрдүүлсэн юм.
Цаашид цахим систем дээр дүүргийн газрын алба, сумын газрын даамлыг төлөвлөгөөний төсөл боловсруулах, шийдвэр бүртгэх, дүгнэлт гаргуулах явцад аймаг, нийслэлийн газрын албанаас хяналт тавьж, дүгнэлтэд заасны дагуу төслийг баталгаажуулж ажиллах боломжтой болж байна.