УЛС, ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ БОЛОН ДАГУУЛ ХОТУУДЫН ЭДЭЛБЭР ГАЗРЫГ ТОДОРХОЙЛОХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 176 дугаар тушаалаар байгуулагдсан “Улс, орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг тодорхойлох” үүрэг бүхий ажлын хэсгийн хурал өнөөдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр танхим болон цахим хосолсон байдлаар зохион байгуулагдлаа.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын хэсгийн ахлагч М.Баяраа хурлыг ахалж, ажлын хэсгийн дэд ахлагч, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай УИХ-ийн 2024 оны “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолоор байгуулагдсан хотуудын эдэлбэр газар тогтоох ажлын талаар танилцуулсан бөгөөд тус хуралд 21 аймгийн Засаг даргын орлогч, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар, нийслэлийн Ерөнхий архитектор, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга нар оролцлоо.
Уг ажлын хүрээнд орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэж ажлын хэсгийн хурлын шийдвэрээр орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.