ХАЛХЫН СЭЦЭН ХАН АРТСЭДИЙН ХОШУУНЫ НУТГИЙН ЗУРАГ (1845 он)

Одоогийн Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Баянхутаг, Батноров сумын зарим нутаг дэвсгэр хамаарч байна.
Халхын Сэцэн хан аймаг нь Манж чин улсын үед (1691-1911 он) Халхын зүүн хэсэгт хамаарч байсан томоохон аймаг (Өнөөгийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгийн хэсэг) байсан бөгөөд аймаг нь дотороо олон хошуудад хуваагдаж байсны нэг нь Артсэдийн хошуу юм.
Артсэд тайж нь Сэцэн хан Шолойн угсааны хүн байсан бөгөөд түүнд ногдуулсан газар хошууг ийн нэрлэдэг байжээ. Артсэдийн хошуу нь 1921 оны Ардын хувьсгалын дараа Монгол Улс засаг захиргааны шинэ зохион байгуулалтад орж, хошуудыг татан буулгаснаар тус хошуу татан буугдажээ.
Зургийн үндсэн дүрслэл нь бичвэрийг хар өнгийн бэхээр, нутгийн зах, хилийн хязгаарын шугамыг улаан өнгийн бэхээр, зургийн бусад тэмдэглэгээг шар, ногоон цэнхэр, ягаан өнгийн бэхээр бичиж бичвэрийг бага зайд жижиг хэмжээгээр шахаж бичих тул голдуу нарийвтар хулсан үзгийг ашиглан зотон даавуун дээр зурсаны дараа тамга дарж баталгаажуулсан байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын төрийн архивт XVIII–XX зууны эхэн үеийн Монголын аймаг, хошуу, шавь, харуул, өртөөний нутгийн 182 зураг хадгалагдаж байна. Тэдгээр нь Халхын Сэцэн хан аймаг, Түшээт хан аймаг, Сайн ноён хан аймаг, Жибзундамба хутагтын Их шавь, Ховдын хязгаар, Халх Баргын харуул, Барга хошуу, харуул, өртөөний нутгийн зураг зэрэг юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү