“ДОРНОД МОНГОЛЫН ХУУРАЙ ХЭЭРИЙН ЛАНДШАФТ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ХАМГААЛАЛ ТӨСӨЛ”-ӨӨС ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Өнөөдөр /2025.10.14/ “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслөөс өндөр хүчин чадалтай мэргэжлийн олон сувгийн дрон, зөөврийн компьютер, сансрын интернэтийн хөдөлгөөнт төхөөрөмж Старлинк, байршил тогтоогч зэрэг тоног төхөөрөмжийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт тус төслийн менежер Т.Эрдэнэжаргал гардуулан өглөө.

Эдгээр тоног төхөөрөмжүүдийг газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар ашиглалт, бүртгэл, хяналт, газрын бүрхэвчийн мониторинг хийх зэрэг үйл ажиллагаанд ашиглах юм.

Тус төслөөс Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар зохион байгуулалт, мониторинг хариуцсан орон нутгийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор бүх сумдын газрын даамлууд болон бэлчээрийн мэргэжилтнүүдэд фото мониторингийн хээрийн судалгаа хийхэд шаардлагатай иж бүрэн багаж хэрэгслээр мөн хангаж байсан.

Төслийн зүгээс газрын харилцааны шинэтгэлийг дэмжих, газрын нэгдсэн төлөвлөлт, мониторинг хийхэд дэмжлэг үзүүлэх, газрын мониторингийн үндэсний сүлжээг өргөжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах хэлэлцүүлэг, уулзалт, арга хэмжээ, сургалтуудыг манай байгууллагатай хамтран зохион байгуулж ажилласан.

Цаашид 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилтэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-д зориулсан хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах болон Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг улам боловсронгуй болгоход хамтран ажиллаж байна.
Монгол улсын Газрын харилцааны салбарын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү