МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС “УЛСЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗАРИМ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ”-ЫГ БАТАЛЛАА




Энэ он гарснаар Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг Засгийн газраас баталсан. Эдгээр тогтоолуудаар улсын хэмжээнд нийт 200.9 мянган га талбай бүхий 26227 байршилд газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх тогтоолууд батлагдсанаас хойш нийслэл болон түүний 4 дүүрэг, 20 аймгийн 62 сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулсан байна.
Ийнхүү нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан эсэх, хамгаалалтын бүс, зурвас газар, улсын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай эсэхийг тус тус шалгаж, давхцал, зөрчилгүй байршлуудыг тус Засгийн газрын тогтоолд тусган баталлаа.

Цаашид газар олгох асуудлыг түүнтэй холбоотой эрх бүхий этгээдийн эрх, үүргийг харилцан уялдаатайгаар зохицуулж, шаардлагатай хяналтыг тавьж орон нутагт хүндрэл чирэгдэлгүйгээр шийдвэрлэх талаар санал боловсруулж Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Мөн Газрын нэгдмэл сангийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх хүрээнд Газрын тухай, Чөлөөт бүсийн тухай, Усны тухай, Ойн тухай, Төмөр замын тээврийн тухай, Авто замын тухай, Харилцаа холбооны тухай, Эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан байгаль орчин, уул уурхай, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний салбарын орон зайн өгөгдөл мэдээлэл бүхий мэдээллийн санг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системтэй холбох арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд анхаарууллаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү