ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

🇲🇳🇷🇺 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол улс, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.
Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааныг монголын талаас Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, оросын талаас Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар ахалж байна.
Хуралдаанаар хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр логистик, байгаль орчин, шинжлэх ухаан, техникийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцож хуралдааны протоколд гарын үсэг зурлаа.
Энэхүү хуралдааны үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн алба хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Оросын Холбооны Улсын Холбооны Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн албаны орлогч дарга Лилина Людмила Сергеевна нар гарын үсэг зурлаа.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, газрын кадастр, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллах Санамж бичиг байгуулах асуудал 2024 оноос эхэлсэн юм.
Санамж бичгийн хүрээнд цахим шилжилтийн асуудлыг багтаасан газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, газрын кадастр, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн салбарт Талуудын бүрэн эрхэд хамаарах бүх асуудлаар мэдлэг, туршлага солилцох, Талуудын мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт, семинарыг биечлэн болон алсын зайн хэлбэрээр зохион байгуулах, мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.