БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ХЯНАЛТ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар нь өнөөдөр /2025.12.22/ харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) нь АНУ-ын Нью Йорк хотод төвтэй, гишүүн улс орнуудаас бүрдсэн Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд манай улсын Засгийн газартай 1976 оноос хамтран ажиллаж эхэлсэн ба үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд хүрэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн юм.
Энэхүү санамж бичгийн хүрээнд бэлчээрийн газрын төлөв байдлын хяналт, тайлагналын цахим хэрэгсэл хөгжүүлэх, олон нийт болон хувийн хэвшилд нээлттэй өгөгдлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өгөгдөл мэдээлэлд дүн шинжилгээ хийж үр дүнг солилцох боломжийг бүрдүүлэх зэргээр эхний шатны үйл ажиллагааг эхлүүлж байгаа бөгөөд цаашид олон төрлийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар талууд ярилцаж тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагаагаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэж, тодорхой үр дүнд хүрч ажиллахаар санал нэгдээд байна. Үүнд:

Талууд хамтран бэлчээрийн газрын төлөв байдлын одоогийн мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийж, бэлчээрийн газрын төлөв байдлын хяналтын цахим хэрэгслийг хөгжүүлэх;

Малчид, малчин өрхийн анхдагч холбоо, хоршоодоос бэлчээрийн газрын төлөв байдлын мэдээлэл болон фото зургийг цуглуулж оруулах боломжийг олгох зорилгоор одоо ашиглаж буй фото мониторингийн “Belcheer” аппликейшныг хэрэглэгчдэд зориулан өргөтгөн хөгжүүлэх;

ГЗБГЗЗЕГ болон харьяа байгууллагын албан хаагчдад шаардлагатай сургалт болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

ГЗБГЗЗЕГ нь хиймэл оюун ухаан, машин сургалтад түшиглэсэн бэлчээрийн газрын төлөв байдлын хяналт, тайлагналын цахим хэрэгслээс гарсан үр дүнг “Belcheer” аппликейшнд илгээх, хөгжүүлэхтэй холбоотойгоор шаардлагатай системийн хандалтын эрх, холбогдох мэдээлэл болон техникийн дэд бүтцээр хангаж ажиллах юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү