БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ (WILDLIFE CONSERVATION SOCIETY) ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь өнөөдөр /2025.10.17/ харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) ОУБ нь 1895 онд анх АНУ-ын Нью Йорк хотноо байгуулагдсан. Дэлхийн 60 гаруй улсад салбартай олон улсын томоохон байгууллагуудын нэг юм.
Санамж бичгийн хүрээнд Архангай аймгийн Булган, Чулуут, Ихтамир, Цэнхэр сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга сум, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сумдад “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг хамтран амжилттай хэрэгжүүлэх зорилготой юм.
Энэхүү хамтын ажиллагаагаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан санал нэгдээд байна.

Төсөл хэрэгжиж буй аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт-мониторинг хийхэд олон нийтийн оролцоог хангах, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем, мэдээллийн санг сайжруулах, сургалт, судалгаа, бодлогын түвшинд дэмжихтэй холбоотой үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэх;

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, ой болон бэлчээрийг нөхөн сэргээх, зэрлэг амьтад болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах;

Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээр ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах, идэвхтэн байгаль хамгаалагчдын чадавхийг бэхжүүлэхэд нутгийн иргэдтэй хамтран ажиллах;

Төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахтай холбоотой үйл ажиллагааг дэмжих, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментэд дэмжлэг үзүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг дээшлүүлэх;

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй хийгдэх ажилд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах зэрэгт хамтран ажиллах юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү