МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАН БАТАЛЛАА

🇲🇳 Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2025.07.02)-ийн хуралдаанаар Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахыг хэлэлцэн баталлаа.
Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд хот, тосгон, бусад суурины газрын нэг га газрын төлбөрийн хэмжээг хуульд заасан хязгаарт багтааж тодорхой тогтоож өгөөгүй бөгөөд суурь үнэлгээний 0.1-1.0 хувь байна гэж тогтоосон.
Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй нийцүүлэн Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан баталлаа.
Энэхүү тогтоол батлагдсанаар Аймаг, нийслэлийн ИТХ-ын тогтоосон газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орохгүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөрийн хэмжээ нэмэгдэхгүй, газрын төлбөрөөс улс орон нутгийн төсөвт орох орлогын хэмжээнд өөрчлөлт орохгүй болно.