ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН МОНИТОРИНГ, САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ ХОЙД БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🇲🇳🇺🇳 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын хооронд байгуулсан “ГЗБГЗЗЕГ-ын босоо тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, газрын тухай хууль тогтоомж, журмыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Хойд бүсийн чадавхжуулах сургалтыг 2026 оны 7 дугаар сарын 2–3-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгууллаа.
Сургалтад Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд болон газрын даамлууд оролцож, газар зохион байгуулалт, газрын мониторинг, салбарын эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
Сургалтын хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, газрын мониторингийн үйл ажиллагаа, газар өмчлөл, Газрын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, шинээр батлагдсан журам, заавар, аргачлал, мөн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн нэмэлт хөгжүүлэлтийн талаар танилцуулга хийж, мэдээлэл солилцлоо. Арга хэмжээнд салбарын 50 гаруй мэргэжилтэн, албан хаагч хамрагдсан юм.
Сургалтын үеэр салбартаа үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад төрийн дээд одон, медаль, салбарын шагнал гардуулж, мөн мэргэшсэн инженерийн зэргийн гэрчилгээг гардууллаа. Үүнд:
✅ “Хөдөлмөрийн хүндэт” медаль – Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн З.Нямбаяр;
✅ ГЗБГЗЗЕГ-ын даргын “Жуух бичиг” – Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Улсболд, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын газрын даамал Н.Цасанчихэр;
✅ Мэргэшсэн инженерийн зэргийн гэрчилгээ – Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Идэр, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бүрэн-Эрдэнэ нарт тус тус гардууллаа.
Энэхүү сургалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд газрын харилцааны салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэлийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.