EN

“OPEN FORRIS – COLLECT EARTH” ПРОГРАМЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-ийн дэмжлэгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (UN-FAO) хамтран хөдөө аж ахуй, ой, бусад газар ашиглалт ХААОБГА-ын салбарын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлийн арга хэмжээг хэмжих, үнэлэх, мэдээ мэдээллийн чанарыг сайжруулах, урсгалыг идэвхжүүлэх, оролцогч талуудын институтийн орчинг сайжруулах зорилгоор “Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол улсын үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт (NDC)-ын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, ой, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд ХААОБГА-ын салбарын хүлэмжийн хийн ялгарлын тооллогын удирдамжийн үндсэн зарчмууд, Парисын хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцооны загвар журам, хүлэмжийн хийг тооллого арга аргачлал, мэдээ мэдээллийн менежментийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор холбогдох талууд болон аймгийн мэргэжилтнүүдийг хамруулсан 3 дахь удаагийн ахисан түвшний цахим сургалтыг 2020 оны 05 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь ХААОБГА-ын салбарын тайлагналыг сайжруулах арга зүйн боловсруулалтад дэмжлэг үзүүлэх, “Collect earth” програмыг ашиглан газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийг үнэлэхэд мэргэжилтнүүдийн мэдлэг болон чадавхыг сайжруулах, Парисын хэлэлцээрийн хүрээнд ХААОБГА-ын салбарын ил тод байдлын тайлагналд дэмжлэг үзүүлэх, өмнөх шатны сургалтуудаар олж авсан мэдлэгийг бататгах зэрэг мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх юм.

21 аймаг, нийслэлийн суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд энэхүү сургалтаар олж авсан мэдлэг, ур чадварыг ашиглан улсын хэмжээнд 102,872 цэгт газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд гүйцэтгэж, үр дүнг гаргахаар төлөвлөн ажиллаж байна. 

Дээш буцах