EN

БНСУ-ТАЙ ХАМТАРСАН “УХААЛАГ ХОТЫГ ДЭМЖИХ ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ” ТӨСЛИЙН САНАЛ БОЛОВСРУУЛНА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай БНСУ-ын “Шинхан агаарын зураглал” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус компани нь БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны удирдлага доор орон зайн мэдээллийн өгөгдөл боловсруулах, зураглах, ТЭЗҮ боловсруулах, олон улсын төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна.
Төлөөлөгчид “Монгол улсад Ухаалаг хотыг дэмжих орон зайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох мастер төлөвлөгөө гаргах” төслийн санал боловсруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай төслийн санал хамтран боловсруулах, цаашид хамтын ажиллагаа өрнүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд бид Ухаалаг хотыг дэмжих орон зайн мэдээллийн дэд бүтцийн төлөвлөгөө гаргах хэрэгцээ, шаардлагыг холбогдох яамд болон байгууллагуудад уламжилсан байгаа иймд та бүхэн цаашид БНСУ-ын талаас төслийг батлуулах тал дээр анхаарч, Монгол дахь эрэлт, хэрэгцээний талаар Газар, дэд бүтэц, тээврийн яаманд танилцуулж, уламжлахыг хүслээ.
Мөн тус газраас Газрын удирдлын нэгдсэн системийг товч танилцуулж, цаашид хэрхэн сайжруулах, Ухаалаг хот байгуулахад хэрхэн нийцүүлэх талаар төслийн саналд тусгах шаардлагатайг дурьдлаа.
Уг төсөл нь өнөөгийн байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж Монгол улсын Ухаалаг хотын бодлогыг дэмжих орон зайн мэдээллийн нэн шаардлагатай дэд бүтцийг сайжруулах, дунд болон урт хугацааны хөгжлийн ерөнхий мастер төлөвлөгөөг боловсруулахад чиглэх юм. Төсөл нь Орон зайн өгөгдлийг шинэчлэх, ложистикийг дэмжих, Ухаалаг хотын менежментийн үйл ажиллагаа, тухайлбал эмнэлэг, гал түймэр, хамгаалалтын (цагдаа) гэх мэт жишиг тохиолдлыг хэрэгжүүлэхэд анхаарна.
Дээш буцах