EN

ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг олгох, хугацааг сунгах, ажлын төрөл нэмэх, нөхөн олгох, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, бүртгэх, гэрээ байгуулах, лавлагаа гаргах үйл ажиллагаа цахимд шилжсэнтэй холбоотойгоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.
Тус уулзалтаар барилгын салбарын үйл ажиллагаанд хэрэгжиж буй дээрх цахим системийн шинэчлэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд хот байгуулалтын баримт бичгийг оруулах аргачлалын зааврыг танилцуулсан юм.
Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяр болон 60 гаруй ААН-ийн төлөөлөл оролцож санал солилцлоо.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Газрын цахим мэдээллийн систем бол хот байгуулалтын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох гол үндэс, суурь нь байх болно” хэмээн онцоллоо. Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай “Хот байгуулалтын баримт, бичиг боловсруулах эрхийг цахимжуулснаар төрийн үйлчилгээг авилга, ашиг сонирхол, хүнд сурталгүй, хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй үзүүлэх, хүнээс хүнд дамжсан танил талын хүрээнд шийдэгддэг байсан асуудал ийнхүү ил тод болж байна” гэлээ.
Дээш буцах