EN

ДЭЛХИЙН БАНКНААС ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ УЛСЫН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙН СУДАЛГААНЫ ЭХЛЭЛИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭНЭ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Дэлхийн банкны Газар, орон зайн Зөвлөх багтай хамтран Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр “Монгол Улс дахь байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн судалгаа”-г 2019 оны 10 дугаар сарын 14-нөөс 23-ны өдрийн хооронд хийж гүйцэтгээд байна.

Энэхүү судалгааны ажлын талаар та бүхэнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ХЭГ/2884 тоот албан бичгээр мэдээлэл хүргүүлж, холбогдох уулзалтуудыг зохион байгуулж, мэдээлэл цуглуулсан билээ.

Зөвлөх баг дурдсан хугацаанд нийт 22 байгууллагатай уулзаж судалгаанд шаардлагатай мэдээлэл цуглуулсан болно /19 төрийн байгууллага, 1 төслийн нэгж, 2 хувийн хэвшил/.

Зөвлөх багийн ажиллах хөтөлбөрийн дагуу маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00-12:00 цагт Төрийн ордонд Орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн судалгааны үр дүнгээ танилцуулах юм.

Цаашлаад уг судалгаанын үр дүнд тулгуурлан 2019 оны 12 дугаар сард багтаан Монгол Улсын Орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах юм.

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

Дээш буцах