EN

AЗИЙН АРХИТЕКТОРУУДЫН БҮСИЙН ЗӨВЛӨЛ (ААБЗ)-ИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ

Aзийн Архитекторуудын Бүсийн Зөвлөл (ААБЗ)-ийн Чуулга уулзалт буюу ARCASIA форум нь Азийн барилга, архитектурын хөгжлийн үзэл санаа, бодлогыг хэлэлцдэг тус бүс нутгийн архитектур, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд "оюун санааны хөшүүрэг" болох зорилготой нэрт архитекторчид, сэтгэгчдийн цугларалт юм. Форумд гишүүн орнуудаас гадна бусад орны төлөөлөгчид оролцдог бөгөөд төлөөлөгчдийн тоо нь 150-300 хооронд хэлбэлзэж ирсэн байна. Хоёр жил тутамд хуралддаг уг чуулга уулзалт анх 1982 онд Шри Ланка улсад болсноос хойш архитектур, барилга байгууламж, хүрээлэн буй орчин зэрэг өргөн хүрээний олон сэдвээр  20 удаа зохион байгуулагджээ. 

Монгол Улс AАБЗ-ийн 15 дугаар чуулга уулзалтыг 2009 оны 9 дүгээр сард “Хот ба улс төр” сэдвээр зохион байгуулж байсан ба энэ удаагийн 21 дүгээр чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо хийх шийдвэрийг Зөвлөлийн 41 дүгээр хуралдаанаар гаргасны дагуу ARCASIA Forum 21 арга хэмжээг 2022 оны 9 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 

Энэ удаагийн чуулга уулзалтыг “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” гэсэн сэдвээр хийж, Ази дахь өнөөгийн хот төлөвлөлтийн тэргүүн туршлагаас суралцах, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэж байгаа болон 2030 он хүртэлх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад барилга, хот байгуулалтын чиглэлээр тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх талаар тус бүс нутгийн орнуудаас авч хэрэгжүүлж буй алхмууд зэрэг өргөн хүрээний асуудлаар санал бодлоо солилцож, туршлагаасаа хуваалцах олон улсын томоохон арга хэмжээ болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Дээш буцах