2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нотариатын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, нотариатчийн эрх зүйн байдлыг тогтоож, нотариатын үйлдэл хийх замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах болон хууль зүйн баталгааг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
2 дугаар зүйл.Нотариатын тухай хууль тогтоомж
2.1.Нотариатын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Нотариатчаар гэрчлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтан баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх шийдвэр гаргаж болохгүй.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3 дугаар зүйл.Нотариатын үйл ажиллагааны зарчим
3.1.Нотариатын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.1.хууль дээдлэх;
3.1.2.хараат бус, бие даасан байх;
3.1.3.тэгш эрхийг хангах;
3.1.4.шударга ёсыг сахих;
3.1.5.үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах;
3.1.6.ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах.
4 дүгээр зүйл.Нотариат, түүний чиг үүрэг
4.1.Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.2.Нотариатчийн чиг үүргийг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.3.Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
4.4.Нотариатч дор дурдсан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.4.1.нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх;
4.4.2.үйлчлүүлэгч хүсвэл нотариатчаар гэрчлүүлэхээр хуульд зааснаас бусад үйлдэл, баримт бичгийг үл маргах шинжтэй болгох зорилгоор гэрчлэх;
4.4.3.гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;
4.4.4.хууль зүйн агуулга бүхий үйлдэл, баримт бичгийг хуульд заасан тохиолдолд болон шүүх, төрийн бусад байгууллагын хүсэлтээр гэрчлэх;
4.4.5.хуульд заасан бусад.
4.5.Хуульд өөрөөр заагаагүй бол нотариатч гэрчилсэн үйлдэл, баримт бичигт холбогдох нотлох баримтыг хадгалах бөгөөд тэдгээрийн хуулбарыг шаардлагатай этгээдэд олгоно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.6.Нотариатч нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс улсын бүртгэлийн байгууллагатай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим сангаас мэдээлэл авах гэрээ байгуулан хамтран ажиллаж болно.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн. /
4.7.Нотариатч нь энэ хуулийн 4.6-д заасны дагуу авсан мэдээллээ өмчлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар ашиглах, бусдад ашиглуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн. /
5 дугаар зүйл.Нотариатчийн ажлын байр
5.1.Нотариатч тогтоосон тойрогтоо үйл ажиллагаа эрхлэн явуулах ажлын байртай байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол нотариатч нотариатын үйлдлийг зөвхөн ажлын байрандаа хийнэ.
5.2.Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үйлчлүүлэгч нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй бол нотариатч түүний хүсэлтээр байгаа газарт нь очиж нотариатын үйлдэл хийж болно.
5.3.Нэг тойргийн хоёроос илүүгүй нотариатчид хуулийн этгээд байгуулахгүйгээр, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
6 дугаар зүйл.Нотариатчид тавих шаардлага
6.1.Дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй:
6.1.1.хуульд заасан хуульчийн мэргэжлийн болон энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэргэшлийн шалгалтад тэнцсэн;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.1.2.санаатай гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.1.3.нотариатын үйлдэл хийх ажлын байртай.
6.2.Нотариатч хууль зүйн чиглэлээр цагаар багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарах ажил, албан тушаал эрхлэхээс өөр цалинтай ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.3.Нотариатч өөрийн орны болон олон улсын нотариатын байгууллагын сонгуульт ажил, албан тушаал эрхэлж болно.
7 дугаар зүйл.Нотариатын тойрог
7.1.Нотариатч тогтоосон тойрогт үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тойрог сольж ажиллахыг хориглоно.
7.2.Нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог энэ хуулийн 8.1-д заасан Монголын Нотариатчдын Танхимын саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
7.3.Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.4.Нотариатч тойрог шилжих тохиолдолд мэргэшлийн шалгалт дахин өгөх бөгөөд уг шалгалтад тэнцсэн нотариатч тухайн тойрогт сул орон тоо гартал дараалал хүлээнэ. Тойрог шилжих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.5.Монголын Нотариатчдын Танхим нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог тогтоох саналаа тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нийгмийн хэрэгцээ, шаардлага, нотариатч үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллах боломж зэргийг харгалзан гаргана.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
8 дугаар зүйл.Нотариатын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх
8.1.Монгол Улсад нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон өөрийн дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах зорилготой, нийтийн эрх зүйн этгээд болох Монголын Нотариатчдын танхим /цаашид “Танхим” гэх/ ажиллана.
8.2.Танхим нь бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, аймгийн болон нийслэлийн тойргийн салбараас бүрдэх бөгөөд тэдгээрийн эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно.
8.3.Танхимын ерөнхийлөгч Танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. Танхимын ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй бөгөөд түүний эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно.
8.4.Танхим нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.4.1.нотариатчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;
8.4.2.нотариатчдын нэгдсэн бүртгэл хөтлөх;
8.4.3.нотариатчийг бэлтгэх, сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах;
8.4.4.нотариатчдын үйл ажиллагаанд судалгаа, дүгнэлт хийх;
8.4.5.энэ хуулийн 8.6-д заасан Сахилгын зөвлөл болон 15 дугаар зүйлд заасан Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх;
8.4.6.хуульд заасан бусад.
8.5.Танхимын дэргэд бүх гишүүдийн хурлаас сонгогдсон, Танхимын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөл ажиллах бөгөөд түүний үйл ажиллагааны журмыг Танхимын дүрмээр тогтооно.
8.6.Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллах бөгөөд түүний бүрэлдэхүүнд шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл тус бүр хоёр, Танхимаас гурав, нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
8.7.Энэ хуулийн 8.6-д заасан Сахилгын зөвлөлийн ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.8.Танхимын бүх гишүүдийн хурал нь Танхимын ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгох, чөлөөлөх, Танхимын дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
8.9.Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага нь Танхим, түүний салбарыг үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
8.10.Танхим өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар төрийн байгууллага, гадаад улс, олон улсын нотариатын болон төрөлжсөн бусад байгууллагатай Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хамтран ажиллаж болно.
9 дүгээр зүйл.Нотариатын үйлдэл хийх хэл
9.1.Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна.
9.2.Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно.
10 дугаар зүйл.Нотариатчийн тамга, баталгааны тэмдэг
10.1.Нотариатч тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
10.2.Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг хэрэглэнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.3.Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан нь нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газрын тамга, тэмдгийг хэрэглэнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
11 дүгээр зүйл.Нотариатын баримт
11.1.Нотариатч болон энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтны хийсэн нотариатын үйлдсэн буюу гэрчилсэн бусад баримт бичиг, түүний хуулбар, лавлагааг нотариатын баримт гэнэ.
11.2.Энэ хуульд заасны дагуу үйлдэж олгосон нотариатын баримт нотлох баримтын эх сурвалж болох бөгөөд хуульд заасан тохиолдолд нотариатын баримтыг гүйцэтгэх баримт бичигт тооцно.
12 дугаар зүйл.Нотариатын үйлчилгээний хөлс, зардал
12.1.Нотариатын үйлчилгээ төлбөртэй байна.
12.2.Нотариатч хуульд заасан нотариатын үйлдэл хийх, хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, нотариатын үйлдлийн талаар лавлагаа гаргахад үйлчилгээний хөлс авах бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр ажлын байрнаасаа өөр газар очиж үйлчилсэн бол үйлчилгээний хөлс болон тээврийн зардлыг үйлчлүүлэгчээс авна.
12.3.Танхимын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12.2-т заасан нотариатын үйлчилгээний хөлс болон тээврийн зардлын хэмжээг батална.
12.4.Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан албан тушаалтан нотариатын үйлчилгээний хөлсийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу авна.
12.5.Нотариатч энэ хуульд зааснаас бусад үйлчилгээний хөлс, зардал болон шагнал, урамшуулал авахыг хориглоно.
12.6.Нотариатч үйлчлүүлэгчийн хүсэлтээр нотариатын үйлчилгээг цуцлах тохиолдолд үйлчилгээний хөлс болон тээврийн зардлыг буцаан олгохгүй.
12.7.Нотариатч энэ хуулийн 12.3-т заасан үйлчилгээний хөлс болон тээврийн зардлын хэмжээг баталсан шийдвэрийг үйлчлүүлэгчид харагдахуйц газар байрлуулна.
12.8.Нотариатч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгож, төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
13 дугаар зүйл.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
13.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нотариатын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал батлах;
13.1.2.нотариатын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нотариатчийн үйл ажиллагаанд хяналт тавих;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.1.3.нотариатчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;
13.1.4.нотариатчийн мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах;
13.1.5.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.6.нотариатчдын нэгдсэн бүртгэл хөтлөх;
13.1.7.энэ хуулийн 16.2, 16.3-т заасан үүрэг гүйцэтгэгчийг сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.8.нотариатчдын үйл ажиллагаанд судалгаа, дүгнэлт хийх, дүгнэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээ авах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.9.хуульд заасан бусад.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг Танхимаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болно.
/Энэ бүлгийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14 дүгээр зүйл.Мэргэшлийн шалгалт
14.1.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд олгоно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.2.Мэргэшлийн шалгалтад хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн оролцоно.
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15 дугаар зүйл.Мэргэшлийн хороо
15.1.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргах, мэргэшлийн шалгалт явуулах чиг үүрэг бүхий Мэргэшлийн хороо хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
15.2.Мэргэшлийн хороо долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд даргыг нь гишүүдийн олонхийн саналаар тэдгээрийн дотроос сонгоно.
15.3.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Танхимаас тус бүр хоёр, эрдмийн зэрэг цолтой хуульч нэг хүний төлөөлөл байна.
15.4.Мэргэшлийн хорооны гишүүн хууль зүйн магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой, хууль зүйн, эсхүл нотариатчийн ажлын туршлагатай, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.5.Мэргэшлийн хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ба тэдгээрийг улируулан томилохгүй. Мэргэшлийн хорооны нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.6.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.7.Мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог, нотариатчийн орон тоо, хэрэгцээг харгалзан улсын хэмжээнд гурван жил тутам явуулах бөгөөд нотариатч ажиллаагүй тухайн тойрогт мэргэшлийн шалгалт явуулах эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр шийдвэрлэнэ.
15.8.Мэргэшлийн шалгалт эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
16 дугаар зүйл. Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
16.1.Энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.Нотариатч ажиллаагүй сум, тосгонд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан дараах этгээд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ:
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.2.1.сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн;
16.2.2.тосгоны Захирагчийн ажлын албаны дарга.
16.3.Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ.
16.4.Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалтанд энэ хуульд заасан нотариатчийн эрх, үүрэг, холбогдох бусад зүйл, заалт нэгэн адил хамаарна.
17 дугаар зүйл.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх
17.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараахь үндэслэлээр түдгэлзүүлж болно:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23.2.3-т заасан үндэслэл;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.1.2.нотариатч эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдолд эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн эцсийн шийдвэр гартал;
17.1.3.энэ хуулийн 21.2, 21.3, 22.1, 24.1-д заасныг зөрчсөн бол 6 сар хүртэл хугацаагаар;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
17.1.4.нотариатч төрийн албан тушаалд томилогдсон, сонгогдсон, эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар 6 сараас дээш хугацаагаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийнх нь хүсэлт, эсхүл Танхимын саналыг үндэслэн.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.3.Энэ хуулийн 17.1.4-т заасан үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх нийт хугацаа 5 хүртэл жил байна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.4.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилээс дээш хугацаагаар түдгэлзүүлсэн тохиолдолд тухайн нотариатын тойрогт үйл ажиллагаа эрхлэх нотариатчийг тойрог шилжих хүсэлт гаргаж дараалал хүлээж байгаа нотариатчдын дундаас энэ хуулийн 7.4-т заасан журмын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн түр томилж болно. Түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол тухайн тойрогт түр томилогдсон нотариатч тогтоосон тойрогт ажиллана.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.5.Нотариатч нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сэргээх хүсэлтээ шийдвэрлүүлэхдээ сургалтын тогтоосон багц цагийг хангасан байна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
18 дугаар зүйл.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
18.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.1.нотариатч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон бол өөрийнх нь хүсэлт, эсхүл эмнэлгийн дүгнэлт, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн;
18.1.2.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан нь тогтоогдсон;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.3.нотариатч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
18.1.4.нотариатчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18.1.5.энэ хуулийн 21.3.6-д заасныг зөрчиж нотариатын тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлж зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлсэн;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18.1.6.энэ хуулийн 21.3.1, 21.3.2, 21.3.3, 21.3.4, 21.3.5, 21.3.7, 21.3.8-д заасан нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн нь Сахилгын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18.1.7.энэ хуулийн 17.1.4-т заасан үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх хугацаа дуусгавар болохоос өмнө зөвшөөрлийг сэргээх тухай хүсэлт гаргаагүй;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.1.8.энэ хуулийн 6.2-т заасныг зөрчиж ажил, албан тушаал эрхэлсэн;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.1.9.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосноос хойш 6 сараас дээш хугацаагаар, эсхүл нотариатын үйл ажиллагаа явуулж байсан нотариатч 1 жилээс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нотариатын үйл ажиллагаа эрхлээгүй;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.1.10.хуульд заасан үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.1.11.энэ хуулийн 15.1-д заасан Мэргэшлийн хороо нотариатч мэргэшил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт, эсхүл энэ хуулийн 54.2-т заасны дагуу Сахилгын зөвлөлөөс зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргасан;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.1.12.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл бий болсон.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.2.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд нотариатч тамга, баталгааны тэмдэг, баримт бичгээ Танхимд хүлээлгэн өгнө.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
18.3.Энэ хуулийн 18.2-т заасныг зөрчсөн бол тамга, баталгааны тэмдэг, баримт бичиг хүчингүй болсныг нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19 дүгээр зүйл.Нотариатчийн үйл ажиллагаа дуусгавар болох
19.1.Дараахь тохиолдолд нотариатчийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцно:
19.1.1.нас барсан, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
19.1.2.Монгол Улсын харьяатаас гарсан.
19.1.3.нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаарт хүрсэн.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
19.2.Нотариатч Монгол Улсын харьяатаас гарсан тухайгаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд мэдэгдэнэ.
19.3.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаар 70 нас байна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
191 дүгээр зүйл.Нотариатчийн тамга, баримт бичиг хүлээлгэн өгөх
191.1.Нотариатч нь нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл түдгэлзүүлсэн, хүчингүй болсон, дуусгавар болсон тохиолдолд тамга, баталгааны тэмдэг, баримт бичиг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг харьяалах салбар, эсхүл Танхимд хүлээлгэн өгнө.
191.2.Танхим, түүний салбар тамга, баталгааны тэмдэг, баримт бичиг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг хүлээн авах ажлыг зохион байгуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох бусад байгууллагад хандан шийдвэрлүүлж болно.
191.3.Энэ хуулийн 191.1-д заасныг зөрчсөн бол тамга, баталгааны тэмдэг, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсон болон дуусгавар болсныг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Танхим нийтэд мэдээлж, холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
20 дугаар зүйл.Нотариатчийн тангараг
20.1.Нотариатч анх үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө тангараг өргөх бөгөөд тангараг өргөх ёслолын журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21 дүгээр зүйл.Нотариатчийн эрх, үүрэг
21.1.Нотариатч дараахь эрх эдэлнэ:
21.1.1.нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээд /цаашид “үйлчлүүлэгч” гэх/-ийн хувийн байдлыг тогтоох;
21.1.2.нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.1.3.шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх, хуурамч байж болзошгүй баримт бичгийг хураан авч холбогдох байгууллагад шилжүүлэх;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.1.4.хуульд заасан бусад.
21.2.Нотариатч дараахь үүрэг хүлээнэ:
21.2.1.үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх;
21.2.2.нотариатчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж, мэргэжлийн нууцыг хадгалах;
21.2.3.гишүүний татвараа төлөх;
21.2.4.хариуцлагын даатгалд даатгуулах;
21.2.5.нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах;
21.2.6.нотариатын үйлдэлд холбогдох баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг хуулийн байгууллагын шаардсаны дагуу гаргаж өгөх;
21.2.7.нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлж, тамга, баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх;
21.2.8.гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэх;
21.2.9.нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх;
21.2.10.үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тогтоосон багц цагийг хангах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.2.11.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4, 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, мэдээлэх;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.2.12.Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчөөр татварын албанд бүртгүүлж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн систем ашиглах, хуульд заасан хугацаанд татварын тайлангаа харьяалах татварын албанд гаргаж өгөх;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.2.13.хуульд заасан бусад.
/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.3.Нотариатчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:
21.3.1.хуурамч баримт бичгийг гэрчлэх;
21.3.2.баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулгахгүйгээр гэрчлэх;
21.3.3.нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх;
21.3.4.нотариатын үйлдэл хийх явцдаа олж мэдсэн үйлчлүүлэгчийн нууцыг задруулах, үйлчлүүлэгчийн аливаа мэдээллийг өмчлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар ашиглах, ашиглуулах;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.3.5.нотариатын үйлдэл хийх, эрх зүйн зөвлөгөө өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзах.
21.3.6.хуулийн хэм хэмжээг зөрчиж, тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлэх;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.3.7.нотариатын тогтоосон тойргийг зөрчиж үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.3.8.нотариатын үйлчилгээний хөлс, зардлыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, бууруулж авах, тогтоосон хөлс, зардлаас бусад төлбөр, хураамж үйлчлүүлэгчээс авах.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
22 дугаар зүйл.Нотариатын мэргэжлийн нууц
22.1.Нотариатч төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах асуудлаар нотариатын үйлдэл хийж байгаа бол тэдгээрийн нууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хамгаална.
22.2.Нотариатын үйл ажиллагаа дуусгавар болсон ч нууцыг хадгалах үүрэг хэвээр хадгалагдана.
22.3.Албан үүргээ гүйцэтгэх явцдаа нотариатын үйлдлийн нууцыг мэдсэн бусад этгээдэд энэ хуулийн 22.1, 22.2 дахь хэсэг нэгэн адил хамаарна.
22.4.Нотариатч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлснийг нотариатын мэргэжлийн болон үйлчлүүлэгчийн нууц задруулсан гэж үзэхгүй.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
221 дүгээр зүйл.Хууль зүйн үргэлжилсэн сургалт
221.1.Нотариатч нь холбогдох хууль тогтоомж, журам, зааварт заасан үргэлжилсэн сургалтад хамрагдаж, жил тутам сургалтын тогтоосон багц цагийг хангана.
221.2.Үргэлжилсэн сургалт нь нотариатчийн мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг эрх зүйн онолын орчин үеийн чиг хандлага, хууль тогтоомжийн шинэчлэл, шүүн таслах ажиллагааны практик судлах шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга, хараат бус үйл ажиллагааг хэвшүүлэхэд чиглэнэ.
221.3.Үргэлжилсэн сургалт, багц цагийг тооцох асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Танхим зохион байгуулна.
23 дугаар зүйл.Нотариатчийн хараат бус, бие даасан байдлын баталгаа
23.1.Нотариатын үйлдэл хийхэд дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, саад учруулах, нотариатын үйлдэл хийхийг хууль бусаар шаардахыг хориглоно.
24 дүгээр зүйл. Нотариатчийн хариуцлагын даатгал
24.1.Нотариатч нь нотариатын үйлдлийг буруу хийсэн, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг буруу тогтоосон зэрэг бусад буруутай үйлдлийн улмаас үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор хариуцлагын албан журмын даатгалд даатгуулна.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.2.Нотариатчийг хариуцлагын албан журмын даатгалд даатгуулах ажиллагааг гишүүдийн саналыг харгалзан Танхим зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
24.3.Энэ хуулийн 24.1-д заасан даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь нийслэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуу дахин нэмэгдүүлсэнээс доошгүй, орон нутагт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлснээс доошгүй байна.
25 дугаар зүйл.Нотариатын үйлдлийн төрөл
25.1.Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна:
25.1.1.гэрээ, хэлцэл гэрчлэх;
25.1.2.гэрээслэл гэрчлэх;
25.1.3.итгэмжлэл гэрчлэх;
25.1.4.өвлөх эрхийн гэрчилгээ олгох;
25.1.5.өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;
25.1.6.хуулийн этгээд үүсгэн байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
25.1.7.эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;
25.1.8.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх;
25.1.9.баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
25.1.10.баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;
25.1.11.Иргэний хуулийн 237 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч хадгалах, шилжүүлэх;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.1.12.нотариатын мэдэгдэх хуудас бичих.
/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.1.13.хуульд заасан бусад.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.2.Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ.
25.3.Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4, 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариатын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
251 дүгээр зүйл.Цахим үйл ажиллагаа эрхлэх
251.1.Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдох бүртгэл, мэдээллийн цахим санг бүрдүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй мэдээ, мэдээллийг улсын бүртгэл, татварын болон бусад холбогдох байгууллагад цахим хэлбэрээр дамжуулж, харилцан мэдээлэл солилцоно.
251.2.Нотариатч нь гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийх, мэдээлэл үүсгэх, санд байршуулах, баяжуулах, улсын бүртгэл, татварын болон холбогдох бусад байгууллагад дамжуулах, лавлагаа, мэдээлэл авах, зуучлах замаар нотариатын цахим үйл ажиллагаа эрхэлнэ.
251.3.Нотариатын цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26 дугаар зүйл.Нотариатын бүртгэл
26.1.Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
26.2.Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.3.Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.4.Нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна.
26.5.Нотариатын бүртгэлийг уусдаггүй нэг өнгийн бэхээр хөтөлнө.
27 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох
27.1.Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
27.2.Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал нь илтэд муудах зэрэг зайлшгүй нөхцөл байдлын улмаас нотариатын үйлдлийг яаралтай хийхэд хүрвэл үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тусгайлан тодруулахгүйгээр нотариатын үйлдэл хийсний дараа тодруулж болно.
28 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
28.1.Үйлчлүүлэгч дараахь эрх эдэлнэ:
28.1.1.энэ хуулийн 7.3-т зааснаас бусад тохиолдолд нотариатчийг өөрөө чөлөөтэй сонгох;
28.1.2.нотариатчийн хууль бус үйлдлийн талаар Танхимд, эсхүл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргах;
28.1.3.нотариатчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирвал нөхөн төлүүлэх;
28.1.4.хуульд заасан бусад эрх.
28.2.Үйлчлүүлэгч дараахь үүрэг хүлээнэ:
28.2.1.нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх;
28.2.2.нотариатчийн шаардсан асуудлаар амаар буюу бичгээр тайлбар өгөх.
28.3.Үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй.
29 дүгээр зүйл.Нотариатын үйлдэл хийх хугацаа
29.1.Энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд нотариатын үйлдлийг тухай бүрт нь хийнэ.
30 дугаар зүйл.Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх
30.1.Үйлчлүүлэгч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна.
30.2.Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно.
30.3.Нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
31 дүгээр зүйл.Нотариатын үйлдэл хийхээс татгалзах
31.1.Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана:
31.1.1.үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;
31.1.2.өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал;
31.1.3.өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл;
31.1.4.үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал;
31.1.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг;
31.1.6.хуульд заасан бусад.
31.2.Нотариатч энэ хуулийн 31.1-д зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй.
31.3.Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно.
32 дугаар зүйл.Орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулах
32.1.Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна. Үйлчлүүлэгч нь орчуулагч /хэлмэрч/-ийг өөрөө сонгоно.
32.2.Орчуулагч /хэлмэрч/ нь зориуд худал орчуулах буюу хэлмэрчилвэл хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
32.3.Хоёр ба түүнээс дээш талууд нотариатын үйлдэл хийлгэж байгаа тохиолдолд нэг тал нь нөгөө талдаа орчуулагч /хэлмэрч/-ийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно.
32.4.Үйлчлүүлэгч гарын үсгээ өөрийн мэддэг хэл дээр зурж болно.
33 дугаар зүйл.Гэрч оролцуулах
33.1.Үйлчлүүлэгч нь хараагүй, хэлгүй, дүлий, бичиг үсэг мэддэггүй, түүнчлэн эрх зүйн чадамжгүй этгээд байвал нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон нотариатч шаардлагатай гэж үзвэл гэрчийг оролцуулна. Энэ тохиолдолд дараахь этгээдийг гэрчээр оролцуулахыг хориглоно:
33.1.1.насанд хүрээгүй;
33.1.2.эрх зүйн чадамжгүй;
33.1.3.бичиг үсэг мэддэггүй;
33.1.4.монгол хэл мэддэггүй;
33.1.5.тухайн нотариатчийн байнгын үйлчлүүлэгч.
33.2.Үйлчлүүлэгч хүсвэл нотариатын үйлдэл хийхэд гэрч оролцуулж болно.
34 дүгээр зүйл.Нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл, түүний агуулга
34.1.Энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч, түүнчлэн бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө. Шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд нотариатч тэмдэглэл хөтөлж болно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
34.1.Энэ хуулийн 34.1-д заасан тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана:
34.2.1.үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
34.2.2.нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, орчуулагч /хэлмэрч/ зэрэг бусад оролцогчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, мэргэжил, оршин суугаа газрын хаяг, тэдгээрийн тайлбар, түүнчлэн гэрч, орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулсан үндэслэл;
34.2.3.холбогдох баримт бичгийг танилцуулсан арга хэлбэр, үйл ажиллагааны үр дүн, дэс дараалал;
34.2.4.нотариатчийн албан тушаал, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
34.2.5.баримт бичгийг үйлдсэн он, сар, өдөр, цаг, минут.
35 дугаар зүйл.Тэмдэглэл үйлдэх журам
35.1.Тэмдэглэл нь гаргацтай, утга агуулгын хувьд ойлгомжтой, үг үсгийн засваргүй, энэ зүйлийн 35.6-д зааснаас бусад тохиолдолд оруулгагүй байна.
35.2.Нотариатч тэмдэглэл үйлдсэний дараа үйлчлүүлэгч болон бусад оролцогчид уншиж сонсгоно.
35.3.Тэмдэглэлд үйлчлүүлэгч болон нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, орчуулагч /хэлмэрч/ зэрэг бусад оролцогч гарын үсэг зурж, нотариатч тамга дарж хавсаргана.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.4.Гарын үсэг зурж чаддаггүй хүмүүс оролцож байгаа, эсхүл энэ хуулийн 27.2-т заасан нөхцөл байдал үүссэн бол энэ тухай тайлбар бичнэ.
35.5.Тэмдэглэл хоёр буюу түүнээс дээш хуудастай бол хуудсыг дугаарлан хуудас бүрт үйлчлүүлэгч болон бусад оролцогч гарын үсэг зурж баталгаажуулна.
35.6.Үйлчлүүлэгч хүсвэл утга агуулгыг нь өөрчлөхгүйгээр тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгч болон нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, орчуулагч /хэлмэрч/ зэрэг бусад оролцогч гарын үсэг зурж, нотариатч тамга дарна.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.7.Энэ хуулийн 35.6-д заасныг зөрчиж хийсэн нэмэлт, өөрчлөлтийг хүчингүйд тооцно.
36 дугаар зүйл.Үрэгдүүлсэн материал нөхөн бүрдүүлэх
36.1.Нотариатч өөрт үлдсэн материалыг үрэгдүүлсэн тохиолдолд үйлчлүүлэгчид өгсөн хувиас хуулбар хийж авах бөгөөд хуулбар дээр энэ тухай тэмдэглэл хийж, баримт бичиг хадгалах журмын дагуу хадгална.
36.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас үрэгдүүлсэн материалыг нөхөн бүрдүүлэх боломжгүй бол нотариатч энэ талаар Танхимд мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
36.3.Энэ хуулийн 36.2-т заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаан гэдгийг Иргэний хуульд зааснаар ойлгоно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
37 дугаар зүйл.Үндсэн материал шалгах
37.1.Нотариатч нь үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
37.2.Тухайн иргэн, хуулийн этгээдэд холбогдолгүй асуудлаар үндсэн материалыг шалгахыг хориглоно.
38 дугаар зүйл.Баримт бичгийн хуулбар хийх
38.1.Үйлчлүүлэгч нь гэрчлүүлсэн баримт бичгээ үрэгдүүлбэл нотариатч үндсэн хувиас, эсхүл нотариатын цахим мэдээллийн сангаас хуулбарлан өгч болно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
39 дүгээр зүйл.Баримт бичгийг хадгалах
39.1.Нотариатч, энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдэл хийх үндэслэл болгосон болон гэрчилсэн баримт бичгийг олгосон дугаарын дагуу цаасан болон цахим хэлбэрээр хадгална.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
39.2.Шаардлагатай гэж үзвэл нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрчилж байгаа баримт бичигтэй холбоотой зүйлийг гэрэл зураг, бусад бололцоотой аргаар бэхжүүлэн авч хадгална.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
39.3.Нотариатч нь энэ хуулийн 39.1-д заасны дагуу бүрдүүлсэн архивын баримтыг төрийн архивт, энэ хуулийн 16.2-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь харьяалах засаг захиргааны нэгжийн архивт, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын архивт тус тус шилжүүлнэ. Архивт шилжүүлэн хадгалахтай холбогдсон журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
40 дүгээр зүйл.Гэрээслэл гэрчлэх
40.1.Нотариатч гэрээслэлийг гэрчлэхдээ дараахь баримт бичгийг үндэслэнэ:
40.1.1.гэрээслэл үйлдэх үед гэрээслэгч нь өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай гэдгийг нотолсон мэргэжлийн эмчийн магадлагаа;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
40.1.2.гэрээслэж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрх нь гэрээслэгчийн өмч болохыг нотолсон баримт.
40.2.Нотариатч гэрээслэлийг гэрчилж, түүнд гэрээслэгч өөрөө гарын үсэг зурна.
40.3.Гэрээслэгч өвчтэй, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар гэрээслэлд өөрөө гарын үсэг зурж чадахгүй бол түүний хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн этгээдээр гарын үсэг зуруулж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн дээрх шалтгааныг тодорхойлсон тэмдэглэлийг гэрчийг оролцуулан үйлдэнэ.
40.4.Гэрээслэгч Иргэний хуулийн 525.1-д заасны дагуу гэрээслэлээ өөрчилсөн буюу цуцалсан бол энэ тухай мэдээллийг 30 хоногийн дотор өөрчилсөн гэрээслэл, цуцалсан баримт бичгийн хамт уг гэрээслэлийг гэрчилсэн нотариатч, эсхүл Танхимд ирүүлнэ.
40.5.Нотариатч энэ хуулийн 40.4-т заасан баримт бичгийг хүлээн авмагц анхны гэрээслэл болон гэрээслэлийн бүртгэлийн дэвтэрт өөрчилсөн буюу цуцалсан тухай тэмдэглэл хийж, хувийг хавсаргана. Гэрээслэлийг анх гэрчилсэн нотариатч байхгүй тохиолдолд Танхимын ерөнхийлөгч энэ зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ.
40.6.Гэрээслэл биелүүлэх тухай баримт бичгийг гэрээслэлд заавал хавсаргаж болно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.7.Нотариатч гэрээслэлийн хувь тус бүрт тамга, баталгааны тэмдгээ дарж гэрчлүүлсэн он, сар, өдрийг бичиж, гарын үсэг зуран нэг хувийг гэрээслэгчид гардуулж, үлдэх хувийг Танхимд хадгалуулна.
40.8.Иргэний хуулийн 523.2-т заасан этгээд гэрээслэлийг гэрчилж болох бөгөөд энэ тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсний нэгэн адил үзнэ.
40.9.Иргэний хуулийн 523.2-т заасан этгээд гэрээслэлийг гэрчилсэн тохиолдолд өөрт үлдсэн хувийг Танхим, эсхүл энэ хуулийн 8.2-т заасан Танхимын салбарт хүлээлгэн өгөх бөгөөд уг гэрээслэлийг хүлээн авсан нотариатч гэрээслэлийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж, хүлээлгэн өгсөн этгээдээр гарын үсэг зуруулна.
41 дүгээр зүйл.Итгэмжлэл гэрчлэх
41.1.Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ.
41.2.Төлөөлөгчид эрх олгосон үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх, эсхүл итгэмжлэлийг бусдад шилжүүлэх бол энэ тухай итгэмжлэлд тусгайлан заах бөгөөд ийнхүү заагаагүй бол төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шилжүүлсэн итгэмжлэлийг гэрчлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.3.Нотариатч итгэмжлэл олгохдоо Иргэний хуулийн 62.6, 64.5-д заасан хугацааг баримтлах ба хугацаатай олгох итгэмжлэлд хугацааг тоо болон үсгээр бичнэ.
42 дугаар зүйл.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах
42.1.Иргэний хуулийн 537 дугаар зүйлд заасны дагуу өв нээгдсэн газрын нотариатч өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч болно.
42.2.Нотариатч өвлүүлэгч нь банкинд хадгаламжтай эсэхийг шалгаж, хадгаламж гэрээслэгдсэн бол энэ тухай өвлөгчид мэдэгдэнэ.
42.3.Өвлүүлэгчийн эд хөрөнгө, түүний зарим хэсэг нь өв нээгдсэн газраас өөр газар байгаа бол нотариатч түүнийг хамгаалах арга хэмжээ авна.
42.4.Нотариатч нь өвлөгдөх эд хөрөнгийг бүртгэж, хадгалагч томилох бөгөөд бүртгэл хийхэд хоёроос доошгүй гэрчийг байлцуулан өвлөгдөх эд хөрөнгө, түүний оршин байгаа газар, бүртгэл хийсэн он, сар, өдөр, оролцогч, эд хөрөнгө хадгалахаар хүлээж авсан этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, хаяг зэргийг тэмдэглэж, бүртгэлийг гурваас доошгүй хувь үйлдэж оролцогчдоор гарын үсэг зуруулна.
42.5.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах боломжгүй бол нотариатч энэ тухай акт үйлдэж сонирхогч талуудад мэдэгдэнэ.
42.6.Өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан тохиолдолд нотариатч эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг дуусгавар болгох тухай бусад өвлөгчид мэдэгдэх бөгөөд бусад өвлөгчид өв хүлээн авахаас татгалзвал өвлөгдөх хөрөнгийг төрийн зохих байгууллагын өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгоно.
43 дугаар зүйл.Өвлөх эрхийн гэрчилгээ олгох
43.1.Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно.
43.2.Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгийг үндэслэнэ:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
43.2.1.өвлөгч болохыг нотлох баримт бичиг;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
43.2.2.өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр;
43.2.3.өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг;
43.2.4.өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
43.2.5.өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
43.3.Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
43.4.Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 531, 533 дугаар зүйлийг баримтална.
43.5.Өвлөгч нь насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг болон хууль ёсны төлөөлөгч /эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д нь олгож, энэ тухай тусгайлан тэмдэглэл үйлдэнэ.
43.6.Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгчид олгож, энэ тухай барьцаалагчид мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
43.7.Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно.
43.8.Өвлөх эрхийн гэрчилгээний загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
44 дүгээр зүйл.Гарын үсэг гэрчлэх
44.1.Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ.
44.2.Нотариатч хуулийн этгээдийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг гэрчлэх бол тухайн байгууллагын тамга, тэмдэг дарагдсан эсэхийг нягтална.
44.3.Хэлгүй, дүлий, ярьж чаддаггүй буюу монгол хэл мэддэггүй хүний гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн иргэний баримт бичгийг шалгаж гарын үсэг зурахад гэрч оролцуулах эсэхийг асууж тодруулах ба шаардлагатай гэж үзвэл гэрч оролцуулж тэмдэглэл хөтөлнө.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
44.4.Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсгээ зурна.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
45 дугаар зүйл.Нотариатчийн мэдэгдэх хуудас, түүний агуулга
45.1.Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
45.2.Энэ хуулийн 45.1-д заасан мэдэгдэх хуудас үйлдэхдээ нотариатч дараахь нөхцөлийг харгалзана:
45.2.1.баримт бичиг нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа эсэх;
45.2.2.нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн эсэх.
45.3.Нотариатчийн мэдэгдэх хуудсанд дараахь зүйлийг заана:
45.3.1.мэдэгдэх хуудас олгож байгаа нотариатчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, харьяалах тойрог;
45.3.2.ямар баримт бичгийг үндэслэж мэдэгдэх хуудас үйлдэж байгаа;
45.3.3.төлбөр авагч, төлбөр төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажлын болон оршин суугаа газрын хаяг, аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, банкин дахь харилцах дансны дугаар, улсын бүртгэлийн дугаар;
45.3.4.төлбөр гаргуулах хугацаа;
45.3.5.төлбөрийн хэмжээ, шаардлагын зүйл, хэрэв мэдэгдэх хуудас үйлдэхэд үндэс болгосон баримт бичигт заасан бол хүү, нэмэгдүүлсэн хүү, анзын хэмжээ;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
45.3.6.нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээ;
45.3.7.мэдэгдэх хуудас үйлдсэн он, сар, өдөр, дугаар.
45.4.Нотариатч мэдэгдэх хуудсыг хэвлэмэл хуудас дээр үйлдэж, тамга дарж, гарын үсэг зурна.
45.5.Нотариатчийн мэдэгдэх хуудсанд заасан төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гаргуулна.
46 дугаар зүйл.Гэрээ, хэлцэл гэрчлэх
46.1.Нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараахь гэрээ, хэлцлийг гэрчилнэ:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
46.1.1.үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл;
46.1.2.гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ;
46.1.3.орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл;
46.1.4.өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, түүний тодорхой хэсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах /узуфрукт/ гэрээ;
46.1.5.тэжээн тэтгэх гэрээ;
46.1.6.эрх шилжүүлэх гэрээ;
46.1.7.зээлийн гэрээ;
46.1.8.хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ.
46.1.9.хуульд заасан бусад.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
46.2.Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална:
46.2.1.талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх;
46.2.2.бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх;
46.2.3.агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх;
46.2.4.үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх.
46.3.Энэ хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзана.
46.4.Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална.
46.5. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана.
46.6.Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна.
46.7.Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно.
46.8.Зохих байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан, дуусгавар болгосныг гэрчлэхдээ гэрээний талуудын хүсэлтийг үндэслэн бие даасан нотариатын үйлдэл хийх бөгөөд ингэхдээ анхдагч гэрээг үндэслэж түүний хуулбарыг нотариатын баримтад хавсаргана.
46.9.Үл хөдлөх эд хөрөнгийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах болон дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
46.10.Нотариатч гэрчилсэн гэрээ, хэлцлийн хувийг талуудад өгч, өөрт үлдэх хувьд холбогдох баримт бичгийг хавсаргаж, архивт хадгална.
47 дугаар зүйл.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх
47.1.Нотариатч эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбогдсон баримт бичгийг гэрчилж болно.
47.2.Энэ хуулийн 47.1-д заасан баримт бичгийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /
48 дугаар зүйл.Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгээ өмчлөх эрхийг гэрчлэх
48.1.Бичгээр байгуулсан гэрээг үндэслэн нотариатч гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхийг гэрчилж болох бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүний өөрт ногдох хэсгийг өмчлөх эрх нь тухайн өдөр гэрлэгчдийн дундын өмчлөлд байсан эд хөрөнгөд хамаарах бөгөөд уг эд хөрөнгийн шинж байдлыг гэрээнд тодорхой тусгана.
48.2.Нотариатч гэрлэгчдийн өөрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг гэрчлэхдээ гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр, нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон, эсхүл нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр, гэрлэгчдийн дундаа үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийг үндэслэнэ.
48.3.Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэрлэгчдийн дундын хөрөнгийн бүрэлдэхүүнд байгаа эсэхийг гэрчлэхдээ уг эд хөрөнгийг зохих байгууллагад бүртгүүлсэн баримт бичиг, татвар, хураамж төлсөн баримт нотолгоог үндэслэл болгоно.
48.4.Банкны зээлээр орон сууц барьсан буюу их засвар хийсэн бол гэрлэгч тус бүрт ногдох хэсгийг өмчлөх эрхийг зээл олгогчийн лавлагааг үндэслэн гэрчилнэ.
48.5.Гэрлэгчдийн хэн нэг нь нас барсан бол тэдний дундын үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөөс эхнэр буюу нөхрийн хүсэлтээр түүнд ногдох хэсгийн өмчлөх эрхийг энэ тухай өв залгамжлагчид мэдэгдэн тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулсны дараа гэрчилнэ.
48.6.Энэ хуулийн 48.5-д заасан мэдэгдэлд эхнэр буюу нөхөрт олгох эд хөрөнгийн бүрэлдэхүүнийг заана.
48.7.Нас барагчийн эхнэр буюу нөхөр нь түүний насанд хүрээгүй хүүхэд болон эрх зүйн чадамжгүй өв залгамжлагчийн хууль ёсны төлөөлөгч биш бол энэ хуулийн 48.5-д заасан мэдэгдлийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /эцэг, /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д өгнө.
48.8.Мэдэгдлийг шуудангаар явуулж болох бөгөөд хэрэв өв залгамжлагч өөрөө биечлэн ирсэн бол нотариатч түүнд амаар мэдэгдэж, нас барагчийн эхнэр буюу нөхрийн өргөдөлтэй танилцуулан гарын үсэг зуруулна.
49 дүгээр зүйл.Баримт бичгийн хуулбар гэрчлэх
49.1.Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ.
49.2.Өөр өөр утга санаа агуулсан баримт бичгийн аль нэг хэсгийн хуулбарын үнэн зөвийг гэрчилж болох бөгөөд ийнхүү гэрчлэхдээ үндсэн агуулгыг илэрхийлсэн хэсгийг заавал хамт гэрчилнэ.
49.3.Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ.
50 дугаар зүйл.Хуулийн этгээд үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх
50.1.Нотариатч хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичгийг гэрчлэхдээ оролцогчдын иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах шийдвэр, тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэл болгоно.
50.2.Нотариатч Иргэний хуулийн 33 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан баримт бичгийг болон хуулийн этгээдийн мэдээлэлд орох өөрчлөлтийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална.
501 дүгээр зүйл.Иргэний хуулийн 237 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч хадгалах, шилжүүлэх
501.1.Нотариатч иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хадгалах, шилжүүлэх үйлдэл хийнэ.
501.2.Хүсэлтэд үүргийн гүйцэтгэлийг хадгалуулах зорилго, гэрээ, хэлцлээс үүссэн үүрэг, гэрээний нөхцөл зэргийн талаар тодорхой дурдах бөгөөд холбогдох баримтыг хавсаргасан байна.
501.3.Насанд хүрээгүй хүний хүсэлтийг түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ гаргана.
501.4.Нотариатч хүсэлтэд дурдсан үүргийн гүйцэтгэл нь хадгалалтын шаардлага хангасан эсэхийг шалгаж, хадгалах боломжтой гэж үзсэн тохиолдолд тухайн үүргийн гүйцэтгэлийг нэг бүрчлэн бүртгэн, хадгалсан тухай баримт үйлдэж үйлчлүүлэгчээр гарын үсэг зуруулан тамга дарж батална.
501.5.Нотариатч хадгалуулах зүйлийн шинж чанар, онцлогоос шалтгаалан хаана, хэрхэн хадгалах талаар үйлчлүүлэгчийн саналыг харгалзан хадгалах арга хэмжээ авна.
501.6.Нотариатч үүргийн гүйцэтгэлийг нотариатад хадгалуулсан талаарх мэдээллийг үүрэг гүйцэтгүүлэгчид даруй мэдэгдэнэ.
501.7.Нотариатч үүргийн гүйцэтгэлийг хадгалах боломжгүй гэж үзсэн тохиолдолд үйлдэл хийхээс татгалзах эрхтэй.
501.8.Үүрэг гүйцэтгүүлэгч нотариатад хадгалуулахаар шилжүүлсэн зүйлийг хүлээн авахаас өмнө үүрэг гүйцэтгэгч бичгээр хүсэлт гарган буцаан авсан тохиолдолд нотариатч энэ тухай тэмдэглэл үйлдэж үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зуруулан тамга дарж батална.
501.9.Үүргийн гүйцэтгэлийг хадгалах хугацаа Иргэний хуулийн 237.9-д заасны дагуу 3 хүртэл жил байна.
51 дүгээр зүйл.Нотариатын үйл ажиллагаанд тавих хяналт
51.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл /цаашид “Сахилгын зөвлөл” гэх/ нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавина.
511 дүгээр зүйл.Сахилгын шийтгэл оногдуулах хугацаа
511.1.Нотариатчийн хийсэн үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 2 жил байна.
52 дугаар зүйл.Нотариатын баримт бичгийг шалгах
52.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Сахилгын зөвлөл нотариатын баримт бичигт шалгалт хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж болно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
53 дугаар зүйл.Нотариатчийн ёс зүйн дүрэм
53.1.Нотариатч нь нотариатчийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
53.2.Нотариатчийн ёс зүйн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
53.3.Нотариатчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нотариатчид сахилгын шийтгэл ногдуулна.
54 дүгээр зүйл.Сахилгын шийтгэл
54.1.Хууль болон нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, бусад хэм хэмжээг зөрчсөн нотариатчид гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
54.1.1.сануулах;
54.1.2.нотариатын үйл ажиллагаа эрхлэхийг 1 жил хүртэл хугацаагаар түр зогсоох;
54.1.3.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох.
54.2.Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн болон бусад нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуулийн 54.1.1-д заасан сануулах шийтгэлийг Сахилгын зөвлөл, 54.1.2, 54.1.3-т заасан шийтгэлийг Сахилгын зөвлөлийн саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн оногдуулна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
54.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сахилгын зөвлөлийн саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар түр зогсоох, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
54.4.Нотариатч Сахилгын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргаж болно.
54.5.Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч мөн хуулийн 54.1-д заасан зөрчил гаргасан бол холбогдох төрийн захиргааны байгууллага сахилгын шийтгэл ногдуулна.
54.6.Шүүх нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан бол энэ талаарх шүүхийн шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шүүхийн шийдвэрийг хүргүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран батална.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./