EN

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

“Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” төслийн хүрээнд нийслэлийн Газрын албанд иж бүрэн суурин компьютер болон олон үйлдэлт хувилагч төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Хангарьд ордонд боллоо.

Тус арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нар оролцож, төслийн талаар болон үр дүнг, ач холбогдлын талаар танилцуулсан юм.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ, уг төслийн ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын гишүүн болон нийслэлийн Засаг даргын хооронд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний гуравдугаар хавсралт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон нийслэлийн Засаг даргын Хамтран ажиллах үйл ажиллагааны 2017-2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажил билээ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс нийслэлийн Газрын харилцааны өнөөгийн байдал болон кадастрын нэгдсэн мэдээллийн системийг байгуулах асуудалд онцгой ач холбогдол өгч, олон улсын жишигт нийцсэн кадастрын нэгдсэн бүртгэл, мэдээллийн системийг байгуулахаар шийдэж, хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна гэсэн юм.

Уг төслийн хүрээнд нэгдсэн мэдээллийн санд тулгуурлан бий болох Газрын кадастр, Газрын үнэлгээ, төлбөр, татварын веб системийг шинээр нэвтрүүлэх ажлыг 2019 онд багтаан зохион байгуулах бөгөөд орчин үеийн техник, технологийн хөгжилд нийцсэн цогц системийг ашиглаж эхлэх болсон байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар шинэчлэн батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаар дамжуулан цахим хэлбэрээр эрхлэх боломж бүрдэн, амжилттай хэрэгжиж байна.

Арга хэмжээний үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан 2019 оныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь салбарын хэмжээнд “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцаа”-ны жил болгон зарласан. 2019 онд тус газар нь техник технологийн хөгжил, дэвшлийг ашигласан, инновацийг нэвтрүүлсэн иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээг хүргэх зорилт дэвшүүлж байгаа бөгөөд энэ зорилтдоо хүрэхэд уг төслийн ажлын үр дүн ихээхэн нөлөө үзүүлэх юм. Нэгдсэн системд орсноор газрын кадастрын үнэн зөв, ил тод мэдээллээр түргэн шуурхай үйлчлэх, газрын харилцаатай холбоотой мэдээлэл, өргөдөл шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл, өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрын талаарх мэдээлэл, газрын үнэлгээний мэдээлэл, газрын төлбөр, татвар, лавлагаатай холбоотой үйлчилгээнүүдийг иргэд интернет, гар утас ашиглан авах, хянах боломжтой болно гэж хэлэв.

Өнөөдөр нийслэлийн, дүүргийн Газрын албанд төслийн хүрээнд хүлээлгэн өгч буй тоног төхөөрөмжүүд үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийн зарим хэсгийг бүрдүүлж,  Монгол улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн санг холбосон мэдээлэл дамжуулах сүлжээ болон газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийн нэгдсэн нэг стандарттай мэдээлэл бүхий технологийн дэвшилтэт систем бий болгоход түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа төслийг захиалагч тал илэрхийллээ.

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

2019.03.15

Дээш буцах