Монгол орны геоидын өндрийн загварыг шинэчлэн гаргалаа

2014 оны 08-р сарын 15

Монгол орны геоидын өндрийн загварыг 2004- 2005 онд АНУ-ын буцалтгүй тусламжаар хийгдсэн агаарын гравиметрийн хэмжилтийн үр дүнгээр анхлан гаргаж байсан. Гэхдээ уг геоидын өндрийн загварыг гаргаж авахад зөвхөн гравиметрийн 30 орчим цэгийн өгөгдлийг ашиглаж байсан юм. ГХГЗЗГ-ын даргын А/362 дугаар тушаалаар Монгол орны геоидын өндрийн загварын нарийвчлалыг сайжруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийнхэн Монгол орны өндрийн 2-р ангийн сүлжээний зангилаа цэгүүд дээр 2010
онд байгуулсан GNSS-ийн сүлжээний тэгшитгэн бодолтыг хийж, тэдгээр цэгүүдийн GNSS-ийн болон өндрийн
сүлжээн дахь өгөгдлийг ашиглан геоидын өндрийн загварыг гаргалаа. Өндрийн сүлжээний 32 зангилаа цэгийн
өндрийг шалгах явцад өндрийн сүлжээний хоёр өөр төрлийн каталоги Геодези, зураг зүйн улсын нэгдсэн санд хадгалагдаж байна. ОХУ-ын /хуучнаар ЗСБНХУ/ мэргэжилтнүүдийн хэмжиж, боловсруулсан өндрийн 2-р ангийн сүлжээ нь полигон тус бүрдээ тэнцэтгэн бодсон, тухайн сүлжээний ОХУ өндрийн сүлжээтэй холбогдсон цэгүүдийн өндрийг эхлэл болгож бодсон байна. Харин 1970-1996 онд монгол улсын мэргэжилтнүүдийн хэмжиж, тэгшитгэн бодсон 2-р ангийн өндрийн сүлжээг полигон бүрээр болон нийтэд нь тэгшитгэн бодохдоо Арвайхээрийн гравиметрийн цэгийг /орос каталогийн өндөр/ эхлэл цэг болгон сонгосон байна. Монгол улсын мэргэжилтнүүдийн хэмжиж, тэгшитгэн бодсон 2-р ангийн өндрийн сүлжээний зарим полигоны битүүрэлтийн алдаа нь 1м хүртэл байдаг. Арвайхээрийн гравиметрийн цэг нь ОХУ өндрийн сүлжээтэй шууд холбогдоогүй, өөрөөр хэлбэл 2 сүлжээний эхлэл цэг өөр учраас өндрийн сүлжээнүүд хоорондоо 1 метр хүртэл зөрсөн байна. Аж ахуйн нэгж байгууллагууд орос өндрийн каталогоос аливаа цэгийн
өндрийг үйл ажиллагаандаа авч ашигладаг бөгөөд орос каталогт байхгүй цэгийн өндөржилтийг монгол
каталогоос авч орос каталог дээрх цэгийн өндөр дээр нэмж өндрийг шилжүүлэн боддог байна. 2-р ангийн өндрийн сүлжээний зангилаа 32 цэг дээрх GNSS-ийн хэмжилт, боловсруулалтын үр дүнг ашиглан монгол орны геоидын өндрийн загварыг 2 хувилбартайгаар гаргалаа.

Үүнд:

1. 2010 онд хийсэн GNSS-ийн хэмжилт, боловсруулалт хийгдсэн цэгүүдийн утга болон ОХУ-ын /хуучнаар ЗСБНХУ/ мэргэжилтнүүдийн хэмжиж, боловсруулсан /орос/ каталогийн утга,
2. 2010 онд хийсэн GNSS-ийн хэмжилт, боловсруулалт хийгдсэн цэгүүдийн утга болон 1970-1996 онд монгол улсын мэргэжилтнүүдийн хэмжиж, тэгшитгэн бодсон /монгол/ каталогийн утга.

Монгол орны геоидын өндрийн загварын тайланг 2014 оны 3-р сарын 31-нд Мэргэжлийн дэд хурлаар хэлэлцүүлж “Монгол орны геоидын өндрийн загвар гаргасан тайлан”-г авч хэлэлцэн загварыг геодези, зураг зүйн үйлдвэрлэлд ашиглах нь зүйтэй гэж үзлээ. Мөн энэхүү загварыг геодезийн тулгуур сүлжээ байгуулалтад ашиглахгүй, зөвхөн зураглалын ажилд ашиглах боломжтой гэж шийдвэрлэлээ. Монгол орны геоидын өндрийн шинэчилсэн загварыг Геодези, зураг зүйн үйлдвэрлэлд ашиглуулах шийдвэр ойрын хугацаанд албан ёсоор гарч баталгаажина.

Cанал асуулга

Фейсбүүк