EN

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан хөмрөг

    Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн геодези, зураг зүйн ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгээр төвлөрүүлэн явуулж, түүний материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 232 дугаар тогтоолоор УГЗЗГ /Улсын геодези, зураг зүйн газар/ байгуулагдсан.

    Энэ үед 6 төрлийн масштабын байр зүйн зураг, фотоплан, фотосхем, агаарын зургийн негатив, репродукц, дэлгэмэл монтаж зэргийг БХЯ /Батлан хамгаалах яам/, ТЭХҮГЯ /Түлш, эрчим хүчний  үйлдвэр, геологийн яам/, ХААЯ /Хөдөө аж ахуйн яам/-наас авч фондлон “Геокарт” фонд нэртэйгээр анхны фонд байгуулагдан Монгол орныг батлан хамгаалах, нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинтэй уялдан хөгжиж ирсэн юм.

    1971 онд 1:1 000 000, 1:500 000, 1:200 000, 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг улсын хэмжээнд анх удаа тоолж, нэгдсэн бүртгэлд авч, газрын зургийн нууцлалт, ашиглалтын түр заавар боловсруулан ББМҮЯ /Барилга, барилгын материалын яам/, НАХЯ /Нийгмийг аюулаас хамгаалах яам/-аар батлуулж мөрдүүлж эхэлжээ.

    Геодези, зураг зүйн мэдээлэл нь 1932 оноос хойш бий болсон мэдээллийг хадгалах, хамгаалах, баяжуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, түгээх үйл ажиллагааг явуулж байна. Тус сан хөмрөгт 16389 хадгаламжийн нэгжийн 377424 хуудас бүхий цаасан суурьтай болон 1000 гаруй цахим тээгчид хадгалагдсан цахим мэдээлэл бүхий доорх баримтууд хадгалагдаж байна. Үүнд:

  • Монгол орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамран 1963-2016 онд хийж гүйцэтгэсэн триангуляци, гравиметрийн, нивелирийн сүлжээний цэг тэмдэгтийн каталоги, тайлан, солбицол, болон бусад холбогдох баримт материал,
  • 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000, 1:500000, 1:1000000-ны масштабтай байр зүйн цаасан болон тоон зургууд,
  • Монгол орны хилийн дагуу хийгдсэн зураглалын ажлын баримт материал,
  • Монгол орны газар зүйн нэрийн баримт материал,
  • Хот суурин газрын кадастрын зураг,
  • Сургалтын газрын зураг, атласууд байна.

Дээш буцах