EN

Хууль эрх зүйн, бодлогын орчин

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал батлагдсан.   

Тус хуулийн төслийн үзэл баримтлалын үндэслэл, практик шаардлагын талаар товч дурдвал: 

Үндэслэл:

  • Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын тогтвортой  хөгжлийн үзэл баримтлал-2030" -ын Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх 5 дугаар зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд "...үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах..." гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний 2.80.5 дахь заалтад "Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулна." гэж заасан.

Практик шаардлага:

  • Мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжихийн хирээр орон зайн мэдээллийг агуулсан тоон өгөгдлийн хэрэглээ өсч, түүнд тулгуурласан мэдээллийн нэгдсэн систем үүсгэж нийтийн болон албан хэрэглээнд нэвтрүүлэх, ашиглах, утас түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглан төрөл бүрийн контент хөгжүүлэх, хэрэглэх хэрэгцээ, шаардлага үүсээд байна.
  • Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг 1990 оноос хойш 100 гаруй улсад байгуулсан байгаа бөгөөд АНУ, Австрали болон Европын ихэнх улс орнууд үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн үзэл баримтлалыг боловсруулахаас эхлээд тэдгээрийг бүрдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр бүхий л үе шатны төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлж дуусгасан байна. Дээрх орнуудын хувьд иргэд, олон нийтийн байгууллагууд болон төрийн захиргааны байгууллагуудад орон зайн өгөгдөл, мэдээллийг чөлөөтэй хайх, хандах, хэрэглэх боломж бүрдсэн төдийгүй байрлалд суурилсан мэдээллийн хэрэглээнээс байгаль, нийгэм, эдийн засгийн үр өгөөж хүртэж эхэлсэн байна. Одоогийн байдлаар хамгийн шинэлэг шийдэл, тэсрэлт хийсэн бизнес загварууд хөгжих, хэрэглээнд нэвтрэхэд байрлалд суурилсан мэдээллийн аналитик шинжилгээ үндсэн гол хөшүүрэг нь болж байна.

  • Өнөөдөр орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, ашиглахтай холбоотой асуудлыг зохицуулсан хүчин төгөлдөр үйлчилж буй 13 хуульд давхардсан тоогоор 44 мэдээллийн сангийн талаар тодорхой зохицуулалт байгаа боловч тэдгээр мэдээллийн сангуудын хоорондын уялдааг хангах, орон зайд дүрслэгдэх өгөгдөл, мэдээлэлд суурилсан мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, орон зайн өгөгдөл, мэдээллийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

  • Орон зайн өгөгдөл, мэдээлэлтэй холбоотой үндэсний 2 стандарт (Газар зүйн мэдээлэл-Мета өгөгдөл MNS5774:2007, Газар зүйн мэдээлэл-Нэр томьёо MNS-ISO-TC-19104:2012) мөрдөгдөж  байгаа боловч орон зайн өгөгдөл,мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахтай холбоотой стандартыг мөрдүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй гэх мэт практик шаардлагууд байна.
Дээш буцах