EN

Гравиметр

Монгол Улсын гравиметрийн сүлжээ

Монгол Улсын гравиметрийн 1-р тулгуур ангийн сүлжээ байгуулсан тухай

    Монгол Улсын гравиметрийн тулгуур сүлжээ нь гравиметрийн 1, 2-р ангиас бүрдэнэ. Гравиметрийн I ангийн сүлжээг 1983-1984 онд байгуулсан. Гравиметрийн I ангийн сүлжээ нь гравиметрийн тулгуур цэг ба гравиметрийн I ангийн 24, дагуул 7 цэгээс бүрддэг ба гравиметрийн тулгуур цэг 0001 цэгийг 2 /Буянт-Ухаа, Хүрэл-Тогоот/ орлох цэгтэйгээр, гравиметрийн I ангийн сүлжээний Даланзадгад /0011, 0017/, Мөрөн /0037, 0035/, Сайншанд /0029, 0048/, Чойбалсан /0033, 0047/, Ховд /0024, 0025/ сумуудын цэгийг тус бүр 1 дагуул цэгтэйгээр байгуулсан байна.

Зураг 1. Монгол улсын гравиметрийн 1-р ангийн тулгуур сүлжээ

    Гравиметрийн тулгуур 0001 цэгийг ОХУ-ын Моксва хотод байрлах ОХУ-ын гравиметрийн сүлжээний эхлэл цэг Ледовийн цэгтэй холбож хэмжсэн. Гравиметрийн тулгуур 0001 цэг нь Улаанбаатар хотод Цэцэг зочид буудлын хонгилд байрладаг бөгөөд тулгуур 0001 цэг нь Буянт -Ухаа дахь 0049, Хүрэл тогоот дахь 1411 гэсэн хоёр орлох цэгтэй.

    Гравиметрийн 1-р ангийн 1 цэг 70 мянган кв.км талбайд үйлчилж байхаар тооцоолж, сүлжээг байгуулсан байна. Гравиметрийн I ангийн цэгүүдийг ихэвчлэн аймгийн төвүүдийн нисэх онгоцны буудалд 3.6-5.0 метрийн гүнд суулгасан байна.

Монгол Улсын гравиметрийн II ангийн тулгуур сүлжээ байгуулсан тухай

    Монгол Улсын гравиметрийн II ангийн сүлжээг 1987-1988 онд байгуулсан бөгөөд гравиметрийн II ангийн сүлжээний хэмжилтийг 1987 оны 6-р сараас 11-р сар, 1988 оны 5-р сараас 8-р сар хүртэл хийж гүйцэтгэсэн байна.

    Гравиметрийн II ангийн 103 цэгтэй байгуулсан бөгөөд цэгүүд нь ихэвчлэн сумын төвүүдийн нисэх онгоцны буудал, цаг уурын ажиглалтын талбайд байрлах бөгөөд гравиметрийн хэмжилтийг ГАГ-2 багц гравиметр багажаар шууд, урвуу хоёр удаагийн хэмжилтээр АН-24, АН-2, МИ-8 нисдэг тэргээр хийсэн. Хэмжилтийн дундаж квадрат алдааны дундаж утга нь 0.05 мГаль байсан ба түүний өөрчлөлт нь 0.02-0.10 мГалийн нарийвчлалтай хэмжсэн байна.

    Гравиметрийн II ангийн хэмжилтийг Зөвлөлт холбоот улс /хуучин нэрээр/ болон БНМАУ-ын /хуучин нэрээр/ мэргэжилтнүүд хамтран хийж гүйцэтгэсэн байна.

Зураг 2. Монгол улсын гравиметрийн 1,2-р ангийн сүлжээ

Гравиметрийн III ангийн сүлжээ

    1988 онд Эрэл-геофизикийн цогцолбор экспедицийн 849 дугаар гэрээт ажлын захиалгын дагуу Төв аймгийн Лүн-Өндөрширээт обьектыг 5-р сарын 4-өөс 8-р сарын 1 хүртэл, Өмнөговь аймгийн Ноён-Хүрмэн обьектыг 6-р сарын 1- нээс 6-р сарын 16-ны хооронд гравиметрийн III ангийн сүлжээ байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Лүн-Өндөрширээт обьектын 22 цэг, Ноён-Хүрмэн обьектын 24 цэгийн тодорхойлолтыг МИ-8 нисдэг тэргээр хийсэн байна.

    Энэ ажлыг хийхдээ зааврын дагуу гурван ширхэг ГАГ-2 багажуудаар шууд, урвуу хоёр удаа хэмжсэн байна. Сүлжээний цэгүүдэд хүндийн хүчний хурдатгал тодорхойлох дундаж квадрат алдаа нь I ангиас 0.12 мГаль, II ангиас 0.06 мГаль байх шаардлага тавьсан бөгөөд тодорхойлсон цэгийн дундаж квадрат алдааны хамгийн их утга нь 0.055 мГаль байна.

   Энэхүү ажлыг Монголын мэргэжилтнүүд Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн байна. Гравиметрийн I ангийн сүлжээний цэгүүдэд өндрийн II ангиар, гравиметрийн II ангийн сүлжээний цэгүүдэд өндрийн III ангиар, бусад гравиметрийн хэмжилт хийсэн цэгүүдэд өндрийн IY ангиар геометрийн нивелирдлэгээр өндөр дамжуулсан байна.

Монгол орны агаарын гравиметрийн хэмжилт, геоидын өндрийн тоон загвар

Монгол орны геоидын өндрийн загвар

2004-2005 онд АНУ-ын буцалтгүй тусламжаар агаараас гравиметрийн хэмжилт хийсэн.

Зураг 3. Агаарын гравиметрийн хэмжилт хийсэн бүдүүвч

    Монгол орны геоидын өндрийн загварыг 2006 онд дээрх төслийн хүрээнд анхлан гаргаж, 2012 он хүртэл 90 гаруй гравиметрийн болон өндрийн сүлжээний цэг дээр хэмжигдсэн GNSS-ийн хэмжилтийн үр дүнг ашиглан Геоидын өндрийн тоон загварыг шинэчилж байсан. Монгол орны геоидын өндрийн тоон загварыг дараах өгөгдлийг ашиглан Gravsoft програм ашиглан гаргасан. Үүнд:

  • Монгол орны нутаг дэвсгэр дээрх хүндийн хүчний хурдатгалын хэмжилт /газрын, агаарын, хиймэл дагуулын гравиметрийн хэмжилт/, боловсруулалтын үр дүн,
  • Өндрийн 2-р ангийн сүлжээний зангилаа 32 цэг дээр байгуулсан GNSS-ийн сүлжээний хэмжилтийн өгөгдлийг тэгшитгэн бодсон үр дүн: цэгүүдийн WGS-84 солбицлын тогтолцоон дахь уртраг, өргөрөг, эллипсоидын өндөр,
  • Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоонд өндөртэй Өндрийн 2-р ангийн сүлжээний зангилаа 20 цэгийн өндөр.

Зураг 4. Монгол орны геоидын өндрийн тоон загвар

    Монгол орны геоидын өндрийн загварыг 2014 оны 3-р сарын 31-нд ГХГЗЗГ-ын Мэргэжлийн дэд зөвлөлийн хурлаар, 2014 оны 6-р сарын 06-нд ГХГЗЗГ-ын Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлж Монгол орны геоидын өндрийн загварыг ГХГЗЗГ-ын Даргын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/261 дугаар тушаалаар батлан Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн ажилд ашиглуулж эхэлсэн.

    ГЗБГЗЗГ-аас 2019 онд Геодезийн солбицол, тусгаг хоорондын хөрвүүлэлт хийх, геоидын өндрийн загварыг цахимаар түгээх тогтолцоо бүрдүүлэх ажлын хүрээнд геоидын өндрийн загварыг хэрэглэгчидэд цахимаар түгээж байна.

Хилийн дагуу хийсэн гравиметрийн хэмжилт

    2008-2011 онд “Монмет” ХХК Монгол улсын хойд хилийн дагуу улсын хилийн зурвас газарт гравиметрийн хэмжилийг харьцангуй гравиметрийн аргаар Дорнод аймгаас Говь-Алтай аймаг хүртэлх хилийн шугамын дагуу хийсэн.

Зураг 5. 2008-2011 онд улсын хилийн зурвас газарт хийсэн гравиметрийн хэмжилтийн бүдүүвч

Дээш буцах