EN

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс тогтоох үйл ажиллагаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн Нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал, цаашид Авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулга

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал

    1959 оны Аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын ажлаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг анх удаа улсын хэмжээнд нэгтгэн боловсруулж тухайн үеийн “Хөдөлмөрчдийн хурал”-ын шийдвэрээр баталгаажуулж, 1977 онд дахин тодотгож Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар баталгаажуулсан байдаг.

    Үүнээс хойш улсын хэмжээнд зарим аймаг, сумдыг нэмж байгуулах болон татан буулгах зэрэг өөрчлөлтүүдийг тухайн он тус бүрд нь зарлиг, тогтоол гаргаж баталгаажуулсан бөгөөд нийт 13 төрлийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, 14 төрлийн Улсын Их Хурлын тогтоолууд тус тус гарсан байна. Дээрх баримт, материалууд нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын архивд эх хувиараа хадгалагдаж хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхэд ашиглагдаж байна.

    Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомжид “Хилийн цэсийг өөрчлөх, тодотгох, шинэчлэх асуудлыг Улсын Их Хуралд эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг ба Газрын тухай хуулийн 23.2.8 дахь заалтын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс /цаашид “хилийн цэс” гэж/-ийн асуудлыг эрхлэн Улсын хэмжээний газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.

    Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэстэй холбоотой маргаан сүүлийн үед шийдвэрлэх шаардлагатай гол асуудлуудын нэг болоод байна. Улсын хэмжээнд 2017 оны байдлаар авч үзэхэд 19 аймгийн 156 сум буюу нийт сумдын 48,3%-д их, бага хэмжээний маргаан үүссэн байна.

    Сүүлийн жилүүдэд хилийн цэсийн маргаан өсөх хандлагатай байгаа бөгөөд маргаан нь дараах шалтгаануудаас ихэвчлэн үүсэж байна. Үүнд:

  • Аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийг шинэчлэх, өөрчлөх тогтоол шийдвэр гаргахдаа хил залгаа аймаг, сумдын хилийн цэсийг уялдуулан шинэчлээгүй, хуучин тогтоолыг нь хүчингүй болгоогүйн улмаас үүссэн маргаан. /Жишээ: Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумдын хооронд/
  • Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар тогтоосон аймгийн төвийн хотуудын тэг гортигийг хэвээр нь 1994 онд сумын хилийн цэс болгон өөрчилсөн бөгөөд хүн амын өсөлт, нягтшилаас үүдэн зэргэлдээх сумдын нутагт дэвсгэрт тэлж газар ашиглалт явагдсанаас үүссэн маргаан. /Жишээ: Төв аймгийн Зуун мод сумын газар олголт тус аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт явагдсанаас үүдэн гарсан маргаанууд/
  • Малчид, иргэд орон нутгийн хилийн цэсийн талаарх бодит мэдлэг, мэдээлэл дутмаг буюу өөрсдийн баримжаагаар хилийн цэсийг ойлгож санал зөрөлдсөнөөс үүссэн зохиомол маргаан. /Жишээ: Хилийн цэсийн шугам нь хоёр цэгийг хооронд нь шулуун шугамаар холбож үүсэх зарчмыг ард иргэд буруу ойлгож уулын хяраар, нуруудаар, хөндийгөөр гэх зэргээр баримжаалах/.
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг анх тогтоохдоо “шон 1”, “шон 6” гэх мэтээр дугаарласан нь газар дээрээ устаж үгүй болж тодорхой бус болсноос үүссэн маргаан. /Жишээ: Нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын хилийн цэсийн эргэлтийн цэгүүд нь тодорхой хэсгүүдэд Шон 1-ээс Шон-11 хүртэл дугаарласан нь одоо газар дээрээ уг шонгууд байхгүй болсон/.
  • 1968, 1977, 1984 онуудад хийгдсэн 1:100000 масштабтай байрзүйн зураг, хилийн цэсийн зураг, газар усны нэрийн зургуудад зарим газар усны нэр, хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг алдаатай тэмдэглэгдсэнээс үүссэн маргаан. /Жишээ нь: Дархан-уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдын хиллэх Хонгорын даваа гэх эргэлтийн цэгийг даваа дээр бус хөндий газар зурагласан/.
  • Улсын хэмжээнд малын тоо, толгой өсөж бэлчээр, газар нутаг, худаг, уст цэгийн хүрэлцээ муу болсноор зэргэлдээх сумтай бэлчээр, уст цэгээс болж үүссэн маргаан.

Дээрх хилийн цэсийн маргаануудыг ангилж үзвэл дараах үндсэн 4 төрөл байна. /Хүснэгт 1/

Хүснэгт 1. Хилийн цэсийн маргааны төрөл, тоо, эзлэх хувь

Маргааны төрөл

Маргаантай сумдын тоо

Нийт маргаанд эзлэх хувь

1

Зарлиг, тогтоолын алдаанаас үүссэн

1

0.6%

2

Аймгийн төвийн сумдын хүн амын нягтшилаас үүдэн зэргэлдээх сумын нутаг дэвсгэрт суурьшсан

12

7.7%

3

Газар усны нэр, хилийн зураг, нэршлийн алдаанаас үүссэн

3

2%

4

Иргэдийн хилийн цэсийн талаарх мэдээлэл ойлголт бодит байдлаас зөрүүтэй буюу ойлголтын зөрүүгээс үүссэн

140

89,7%

Нийт

156

100%

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын хувьд малчид, ард иргэдийн ойлголтын зөрүүгээс үүссэн буюу үнэн зөв, мэдлэг мэдээлэл дутмаг болон газар усны нэршлийг буруу нэрлэж заншсан зэргээс үүссэн маргааныг хууль, журмын хүрээнд дотоод үйл ажиллагаагаар шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 28 сумдын удирдлага, ард иргэдэд холбогдох сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулан хууль, эрх зүйн заавар зөвлөгөө өгч, ажил сайжруулахад чиглэсэн 2017-249, 2018-А/40 заавруудыг тус тус боловсруулан хүргүүлээд байна.

    Мөн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудаар дамжуулан орон нутгаас хилийн цэсийн маргааны бүртгэлийг жил бүр тогтмол авч, дүн шинжилгээ хийн, сайжруулах арга хэмжээг авч ажиллаж байна.

    Засгийн газрын 2018 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан “Зарим аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тодотгон өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд тодорхой асуудлуудыг хууль, журмын дагуу шийдвэрлэн ажиллаж байна.

Үүсээд байгаа маргаануудыг арилгах арга зам, шийдэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ

Одоогийн байдлаар үүсээд байгаа хилийн цэстэй холбоотой зарим маргаануудыг дараах байдлаах шийдвэрлүүлэх саналтай байна. Үүнд:

  1. Зарлиг тогтоолын алдаанаас үүссэн маргаан буюу Төв аймгийн Эрдэнэ сум, Нийслэл Налайх дүүргийн хооронд үүссэн маргааныг хууль, журамд заасны дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулж нарийвчилсан хэмжилт, судалгааны үр дүнд талуудын саналд үндэслэн дахин хувиарлаж Улсын Их Хурлаас тогтоол гаргуулан шийдвэрлэх эсхүл 1996 оны  УИХ-ын 24 дүгээр тогтоолын 2 дугаар заалтын хэрэгжилтийг хангаж нийслэлийн одоо байгаа хилийн цэсээр хил залгаа сумдын хилийн цэсийг шинэчлэн УИХ-д өргөн барих.
  2. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нар орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийнхээ хилийн цэсэд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа тохиолдолд /аймгийн төвийн сумд болон бусад сумд/ Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Газар зохион байгуулалт хийх” журмын дагуу саналаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ирүүлэх.
  3. Аймгийн төвтэй хэт ойрхон буюу нэг нутаг дэвсгэр дээр байрлах сумдыг аймгийн төвийн сумтай нэгтгэж, Үндсэн хуулийн шинэчлэл хийгдэхээр хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан тогтолцооны хувьд аймгийн төвийн сумдыг хот болгон өөрчлөх. 

Хилийн цэсэд өөрчлөлт оруулах шаардлагатай аймаг, сумдын танилцуулгыг үзэх бол энд дарна уу.

Дээш буцах