EN

Архивын үнэт өв

Агаарын зураглалын ажлын баримтын түүхэн хөгжил    

    Улс орны эдийн засгийг хөгжүүлэх, ялангуяа дэд бүтцийг хөгжүүлэх, байгалийн баялгийг ашиглах, зам тээврийн сүлжээг төлөвлөх, байгаль орчныг хамгаалах, геологи хайгуул уул уурхайн төлөвлөлт, нөөцийг тодорхойлох зэрэг ажилд агаар мандлаас авсан гэрэл зургийг боловсруулан төрөл бүрийн масштабын байр зүйн бодит зураг зохион ашиглаж ирсээр байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1963-1990 онд ЗХУ (хуучин нэрээр)-ын Батлан хамгаалах яамны Цэргийн агаар мандлаас газрын зураг авах газар, Москва, Новосибирск хотын Аэрогеодезийн үйлдвэр болон УГЗЗГ (хуучин нэрээр)-аас хариуцан улс орныг зурагжуулах ажлыг хийж эхэлсэн түүхтэй. Тухайн үед ЗХУ-ын техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар агаараас зураг авч агаарын зургийн боловсруулалтын ажлыг ЗХУ-д гүйцэтгэж байсан байна. 1970 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу 1971 оны 22137 тоот 1972 оны 22212 тоот контрактуудын дагуу өмнө хийсэн агаарын фотозураглалын ажлын материалуудыг манай улсад хүлээлгэн өгчээ. Эдгээр материалуудад АФАТЭ-100 агаарын зургийн фотоаппаратаар авсан 1:32000, 1:6000-ны масштабтай агаарын зургийн негативуудыг хүлээлгэн өгсөн байна. Хүлээлгэн өгсөн негативуудыг боловсруулах фотолабораторид Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдан манай мэргэжилтнүүд ажиллаж дадлагажин суралцаж байв.

Зураг 1. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 165 дугаар тогтоол.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 165 дугаар тогтоолоор агаараас газрын зураг авах ажилд зориулан АН-30 онгоц нэгийг худалдан авахаар шийдвэрлэжээ

   

    Энэ шийдвэрийн дагуу нисэх онгоц худалдан авахаар Москва хотод 1978 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монголын Автонефтьимпорт нэгдэл Зөвлөлтийн Авиаэкспорт нэгдэлтэй 76-22/90402 тоот гэрээг байгуулж Киев хотын нисэх онгоцны үйлдвэрээс 1506 дугаар бүхий АН-30 онгоцыг 1979 оны 12 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотод нисгэн авчирсан түүхтэй.

 Хүснэгт 1. АН-30 онгоцыг Киев хотоос авчирсан нисэх экипажийн бүрэлдэхүүний жагсаалт.

Овог, нэр

Албан тушаал

1

М.Саандарь

Ахлах инженер

2

Б.Намхайдорж

Онгоцны дарга, байцаагч нисэгч

3

Д.Даштуан

2-р нисэгч, багш нисэгч

4

Ж.Баярсайхан

Штурман

5

Д.Дугар

Бортмеханик

6

Г.Пүрвээ

Бортхолбоочин

7

З.Сүхээ

Онгоц ашиглалтын инженер


    Энэхүү нисэх онгоцны хамт АФА-ТЭС 4 аэрофотоаппарат, командын багаж ЭКП-2М, суурилуулах багаж АФУС-У-г гэрээ байгуулан авсан бөгөөд зөвлөлтийн 4 мэргэжилтэн манай улсанд уригдан ирж ажиллаж байсан байна. Уригдан ирсэн мэргэжилтнүүдийн мэргэжил, овог нэрийг архивын эх материалаас авч ашиглалаа.

Хүснэгт 2. ЗХУ-с агаараас газрын зураг авах ажилд туслахаар уригдан ирсэн мэргэжилтний жагсаалт.

Овог, нэр

Албан тушаал

1

Казаков Борис Александович

Штурман аэрофотосъемщик

2

Лисичкин Виктор Феодрович

Бортоператор

3

Фролова Нина Владимировна

Фотолаборант

4

Голикова Галина Владимировна

Фотограммеррист

Ингэж Монгол улсан агаарын зураглалын ажлыг өөрийн оронд өөрийн мэргэжилтнүүдийн хүчээр хийх боломж бүрдсэн байна.

    Мөн агаараас газрын зураг авах, агаарын зураг боловсруулах, нислэгийн материал хүлээн авах ажлуудад шаардлагатай дүрэм, журам, агаарын зураглалын ажлын техникийн төслүүдийг боловсруулан мөрдөн ажиллаж байсан.

    Агаараас газрын зураг авах ажлыг 1980 онд тус газрын аэрофототопографийн товчооны сансрын зургийн групп хариуцан хийж байсан бөгөөд нислэг үйлдэх ажлыг Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын нисэх отрядын Уваажий даргатай экипаж гүйцэтгэж байжээ. Салбар агаараас зураг авах онгоц камертай болж 1980 онд гэхэд нийт 9 объектод нислэг үйлдэн зураг авах ажлыг эхлүүлсэн байна.  Агаараас газрын зураг авах технологийг Зураг 4-т үзүүллээ.

Зураг 4. Агаар мандлаас зураг авах технологи

    Цаашид үндэсний боловсон хүчин туршлагажиж 1980-1990 онд агаараас зураг авах ажлыг тухайн үеийн хамгийн дэвшилтэт техник хэрэгслийг ашиглан Монгол орны нутаг дэвсгэрийг бүрэн хамруулан хийсэн байдаг. Улс орныг хөгжүүлэхэд төлөвлөлтийн суурь болох байр зүйн зургийн шаардлага их байсан учраас агаараас зураг авах ажил нь тухайн үед хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй нэн чухал ажил байсан. Монгол орны нутаг дэвсгэрийг хамарсан агаарын зураг нь тухайн цаг хугацаанд тухайн газар нутгийн гадаргын загвар, ой, ус, хөрс, ургамал гээд байгалийн бүхий л тогтцын байдал болон тухайн цаг үед байсан нутагшил, хот тосгоны байдлыг бодитоор харуулж чадах цорын ганц түүхэн баримт болж үлдэх юм. Энэ цаг үед хэрэглэж байсан агаараас зураг авах төхөөрөмж тусгай зориулалтын AН-30 нисэх онгоцонд суурилуулсан RC-20, 30 маркийн камер байсан бөгөөд тусгай зориулалтын гялгар зөөлөн фото хальс хэрэглэн 18*18 хэмжээтэй зураг авч байсан. Эдгээр хальсыг фото лабораторид боловсруулан байр зүйн зураг зохиоход ашиглаж байв.  Аналоги аргаар агаараас зураг авах камерыг онгоцонд суурилуулсан байдлыг Зураг 5-д үзүүлэв.

  Зураг 5. Агаараас зураг авах онгоц, аналоги камер

    Агаараас авсан зургийн хальсыг негатив, позитив байдлаар боловсруулан стереофотограмметрийн аргаар байр зүйн зураг зохиодог. Нислэгийн материалыг боловсруулахдаа тухайн үед Новосибирскийн нэгдсэн нисэх отрядын гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад буцсан агаарын зураглалын ангийн лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглан хийж байв. 

Хүснэгт 3.1980 онд агаараас газрын зураг авах нислэгийн ажил гүйцэтгэхэд ашигласан гол тоног төхөөрөмжийн жагсаалт. 

Гүйцэтгэсэн ажлын төрөл

Багажны нэр төрөл

Тоо ширхэг

Ямар улсад үйлдвэрлэсэн

Нислэгийн хэсэгт

 

АФА-41/I0

I

ЗХУ

АФА-ТЭС-5М

I

_"_

PBI-08Ж

I

_"_

ТАУ-М

I

_"_

НКПБ-7

З

_"_

Фотолабораторийн хэсэгт

 

АПП-85

I

ЗХУ

ТС-I20

I

БНАГУ

КП-8

2

ЗХУ

КП-I0

I

_"_

РУА

I

_"_

Фотограммлабораторийн хэсэгт

ПДН-4

I

ЗХУ

Хүснэгт 4. 1980 онд өөрийн нисэх онгоцоор авсан агаарын зургийг боловруулах анхны мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалт /Архивын эх баримтаас/

Нэр

Албан тушаал

1

М.Саандарь

Групийн дарга

2

Д. Алтанцэцэг

Фотограмметрийн инженер

3

Д.Самбалайбат

Ахлах техник-оператор

4

Л.Алтанцэцэг

Техник фотолаборант

5

Я.Дуламжав

Техник лаборант

6

Б.Долгорсүрэн

Техник лаборант

7

М.Ичинхорлоо

Фотолаборант

8

Крень Мария Петровиа

Фотолаборант

9

Ч.Гүнсмаа

Фотолаборант

10

Ц.Дариймаа

Фотограмм-лаборант

11

Д.Гүндэгмаа

Фотолаборант

12

Д.Мядаг

Фотолаборант

13

А.Цэцгээ

Фотолаборант

14

Д.Ундрахдэлгэр

Фотолаборант

15

Ч.Батцэцэг

Фотолаборант

16

О.Бурмаа

Фотолаборант

17

Л.Эрдэнэбуян

Фотолаборант

18

Ч.Уртнасан

Техник-лаборант

Баримтын төрөл тоо хэмжээ

Агаар мандлаас авсан газрын зургийн дийлэнх хувийг 1:32 000, 1:45000, 1:60 000, 1:100 000-ны масштабтай зураглалын ажлын баримтууд эзэлж байна. Энэхүү зураглалын ажлын үр дүнд бий болсон баримтын тоо хэмжээг үзүүлбэл:

  • 1:32 000-ны масштабтай агаарын зургийн баримт 135 040 хальс
  • 1:45 000-ны масштабтай агаарын зургийн баримт 66 572 хальс
  • 1:60 000-ны масштабтай агаарын зургийн баримт 255 хальс
  • 1:10 000-ны масштабтай агаарын зургийн баримт 12 897 хальс

Зураг 6, 7, 8, 9-д 1961-1990 онд Монгол улсын нутаг дэвсгэрийг агаарын зургаар зурагжуулсан байдлыг үзүүлэв.

Зураг 6. 1:32 000-ны масштабтай агаарын зургаар зурагжуулсан байдал

Зураг7. 1:45 000-ны масштабтай агаарын зургаар зурагжуулсан байдал

 

Зураг 8. 1:60 000-ны масштабтай агаарын зургаар зурагжуулсан байдал

 

Зураг 9. 1:100 000-ны масштабтай агаарын зургаар зурагжуулсан байдал

 

Агаараас авсан газрын зургийг дараах зорилгоор ашиглаж байна. Үүнд:

  • Геологи, хайгуул ашигт малтмал: Ашигт малтмалын орд, түүний тархацыг тогтоох, геологийн нарийвчилсан зураглал хийхэд агаар мандлаас авсан 1:17 000, 1:32 000, 1:45 000, 1:60 000-ны масштабтай газрын гэрэл зургийн хэрэглээ их байдаг.
  • Ойн аж ахуй, түүний нөхөн сэргээлтэд: Ойн тархацын байдал, түүний нөөц, нөхөн сэргээлт, ойн судалгааны нарийвчилсан зураглал хийхэд агаар мандлаас авсан 1:17 000, 1:32 000, 1:45 000-ны масштабтай газрын гэрэл зургийн захиалга зонхилж байдаг.
  • Ургамал, хөрс, газар тариалан: Ургамлын ургацын байдал, түүний тархалт, чийгшилт, хөрсний элэгдэл, түүний тархалт, чийгшилт, газар тариалангийн талбайн хэмжээ тодорхойлох зэрэгт 1:17 000, 1:32000-ны масштабтай газрын гэрэл зургийг ашиглаж байна.

Мөн төрөл бүрийн масштабын байр зүйн болон сэдэвчилсэн зураг зохиох, Дэд бүтцийн төлөвлөлт хийх, Хот төлөвлөлт хийхэд ашигладаг.

Агаарын гэрэл зургийн хальс сканердах

    Эдгээр үнэ цэнэтэй баримтууд нь хадгалалтын урт хугацаанд чанараа алдах, хугарч гэмтэх, хатаж хагарах, хальсанд байгаа мэдээллүүд арчигдаж уншигдахгүй болох эрсдэлд ороод байгаа учраас улсын хэмжээнд цорын ганц байгаа түүхийн асар их мэдээлэл бүхий эдгээр соёлын өвт баримтуудыг цахимжуулж дуусгах, хосгүй үнэт зүйлд бүртгүүлж төрийн хамгаалалтанд авах ажлыг хугацаа алдалгүй зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

    Шинжлэх ухаан, техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед агаарын зураглалын тоног төхөөрөмжүүд улам боловсронгуй болж агаараас авсан гэрэл зургийн хальсыг фотолабораторийн аргаар угааж хэрэглэдэг арга өөрчлөгдөн өндөр нарийвчлалын фотосканер үйлдвэрлэлд нэвтэрч фото дүрсийг цахим хэлбэрт шилжүүлж байна.

    Тус газар 2000 онд Азийн хөгжлийн банкны зээлийн тусламжаар хэрэгжсэн “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслийн хүрээнд өндөр өртөг бүхий фотосканерыг /Зураг 13/ 180000 ам.доллараар худалдан авч ашиглаж байсан бөгөөд ашиглалтын хугацаа нь 2012 онд дуусаж ашиглах боломжгүй болсон.

Зураг 10. Агаарын зургийн хальсыг цахимжуулдаг фотосканер

 

     “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД 81-103-13-ыг баримтлан 354511 агаарын гэрэл зургийн хальсыг сканердахад 1 848 065 843 төгрөгийн зардал гарахаар тооцоолсон. Цаашид агаарын гэрэл зургийн хальсыг цахимжуулах зориулалтын өндөр нарийвчлалын сканер худалдан авах, цахимжуулан, зориулалтын орчинд хадгалж, хамгаалах шаардлагатай байна.

Дээш буцах