ХИЛИЙН ЦЭСИЙН МАРГААНЫ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА

2018-12-14

   Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах” тухай төслийг боловсруулж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсний дагуу Засгийн газрын 2018 оны 05 сарын 03 өдрийн 89 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

   Тус ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг 2018 оны 05 сарын 24-нд зохион байгуулсан бөгөөд Улсын хэмжээний хилийн цэсийн маргааны судалгаанд үндэслэн зарлиг тогтоолын алдаанаас үүссэн бодит маргаан болон ойлголтын зөрүүгээс үүссэн бодит бус маргаануудыг танилцуулсан бөгөөд шийдвэрлэх саналыг боловсруулж хэлэлцүүлсэн.

   2017 оны хилийн цэсийн маргааны судалгаанаас үзэхэд Улсын хэмжээнд 21 аймгаас 19 аймагт их, бага хэмжээний хилийн цэсийн маргаан үүссэн бөгөөд нийт 330 сум, 9 дүүргийн хэмжээнд авч үзвэл 154 сум буюу 48,3% нь хилийн цэсийн маргаантай, 51,7% нь буюу 165 сум, дүүрэг нь хилийн цэсийн маргаангүй байна

  Тус хуралдаанаас бодит бус маргаан үүссэн Увс, Төв, Дархан-Уул аймгуудын тодорхой маргаануудад тайлбар албан бичиг хүргүүлэх шийдвэр гарсны дагуу БХБСайдын 2018 оны 01/2206 тоот, ГЗБГЗЗГ-ын 2018 оны 1/957 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлээд байна.

   Мөн Улсын хэмжээнд үүссэн хилийн цэсийн маргааны асуудлыг Газрын Шинэтгэлийн Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.

  Хуралдааны шийдвэр 5 үндсэн чиглэлээр үүссэн нөхцөл байдалд зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу дээрх Увс, Төв, Дархан-Уул аймгуудын маргаанд ГЗБГЗЗГ-аас 2018 оны 1/2178 албан бичгээр зөвлөмжийг хүргүүлсэн.

  Мөн зарлиг, тогтоолын алдаанаас үүссэн бодит маргаан буюу Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумдын хилийн маргааны асуудлыг шийдвэрлэх санал боловсруулах зорилгоор БХБСайдын 2018 оны 196 тоот тушаалаар дэд ажлын хэсэг байгуулан 2018 оны 11 сарын 27-ны өдөр анхдугаар хурлыг зохион байгууллаа.

  Хуралдаанаар Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум хоорондын хилийн цэсийн маргааны нарийвчилсан танилцуулгыг хийж талуудаас гаргаж буй саналын хувилбарыг хэлэлцэж нэмэлт саналыг боловсруулан ажиллаа. Гарсан саналын дагуу холбогдох талуудыг байлцуулан газар дээр нь хээрийн хэмжилт, тодруулалтын ажлыг 2018 оны 12 сарын 06-ны өдөр гүйцэтгэж санал солилцсон.

  Тус ажлын үр дүнд холбогдох талуудын саналыг нарийвчлан боловсруулсан бөгөөд холбогдох хууль, журмын дагуу саналаа уламжлах, маргаан шийдвэрлэгдэх хүртэл иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой шийдвэрийг гаргахгүй байх талаар 2018 оны 1/2450 тоот албан бичгийг хүргүүлээд байна.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР