ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-12-04

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45  тоот тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.84.-т “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.” гэж, 5.2.4.-т “Газрын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, газрыг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж, мөн дээрх тогтоол болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсаны дагуу Барилга, хот байгуулалтын яам Газрын тухай, Газрын кадастрын тухай, Газрын үнэлгээ, төлбөрийн тухай, Геодези, зураг зүйн тухай хуулиудын эрх зүйн шинэтгэлийг хийх зорилготой ажлын хэсгүүдийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг салбарын эрдэмтэн судлаач болон захиргааны эрх зүй, иргэний эрх зүйгээр мэргэшсэн судлаачдын багтай хамтран эхний байдлаар боловсруулаад байна.

Газрын харилцаанд оролцогч, шийдвэр гаргагч төрийн байгууллагуудын саналыг тусган нэгдсэн ойлголтод хүрэх зорилготойгоор энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Батлан хамгаалахын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөллүүд ирж оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогч байгууллагуудын төлөөллүүд  Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид зохион байгуулагдах хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцож, саналаа солилцон хамтран ажиллахаа мэдэгдлээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөллүүд мэдээллийн сангийн нэгдсэн байдлыг хангах нь зүйтэй гэдэгтээ бүгд санал нэгтэй байгаагаа илэрхийлээд газрын салбарт оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа нягт уялдаа холбоотой байх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа илэрхийллээ.

Энэхүү хэлэлцүүлгийг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан НҮБХХ-ийн  “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” МОН16/301 төслийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

Цаашид мөн олон нийтийн оролцоог хангах үүднээс холбогдох хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР