ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН “ЛЭНД МЕНЕЖЕР” ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛОВ

2018-11-23

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэглээнд нэвтрүүлэх, тэр дундаа нийслэлийн хэмжээнд газрын маргааны дийлэнх хувийг эзлэх болсон Богд хан  уулын дархан цаазат газрын мэдээллийн санг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд холбох асуудлаар шийдэлд хүрлээ.

ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр хэлэхдээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад ашиглуулж буй нэгж талбарууд нь нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлж, ашиглуулж буй нэгж талбартай давхцаж, газрын маргаан үүсэх болсон. Мөн хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж газар эзэмших, ашиглах эрхийг Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай болсон зэрэг олон хүчин зүйлээс үүдэн улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн нэг санг ашиглах, байрлал, өндрийн нэгдсэн тогтолцоог ашиглах, бусад байгууллагатай мэдээлэл солилцох хэрэгцээ шаардлага үүсээд байна. Эдгээр хэрэгцээ шаардлагыг хангаж чадах Лэнд менежер програм хангамжийг танай яам болон харъя байгууллагууддаа ашиглуулах тухай шийдвэр гаргаж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна гэжээ.

Тус уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өгөгдөл мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд хөрвүүлэн оруулж, Лэнд менежер програм хангамжийг ашиглах тухай нэгдсэн тохиролцоонд хүрсэн бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зүгээс шаардлагатай бүхий дэмжлэг, туслалцааг үзүүлэхээр болов.

Ингэснээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Богд хан  уулын дархан цаазат газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад ашиглуулж буй мэдээлэл Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд баталгаажиж орох бодит боломж бүрдлээ.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР