“Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөн болж өндөрлөлөө

2018-09-21

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-т  “...үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах...” зорилтыг дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан  “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулах”, “Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох” арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлж байна. 

     Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Ази, Номхон далайн бүсийн Зөвлөхүүдийн хороо хамтран “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо 2018 оны 9 сарын 20-21-ний өдрүүдэд Монгол улсад дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. 

    "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030" баримт бичигт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийн чиг хандлагыг олон улсын чиг хандлагатай уялдуулахад уг зөвлөгөөний зорилго оршиж байв.

    Энэхүү зөвлөгөөнийг нээж БХБ-ын сайд Х.Баделхан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны нарийн бичгийн дарга Тео Чихай нар үг хэлэв. 

     Олон улсын зөвлөгөөнд манай орны төрийн байгууллага, их, дээд сургууль, судалгаа-шинжилгээ, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын болон гадаад, олон улсын байгууллагын 130 орчим төлөөлөгчид оролцсон бөгөөд Гадаад харилцааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний статистикийн хороо, Үндэсний хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороо, Ази, номхон далайн бүсүүдийн Зөвлөхийн хороо, Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлаг, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Ординанс Сүрвэй, Индонези, Бангладеш улсын холбогдох байгууллагуудын төлөөлөл багтсан юм.

    Зөвлөгөөний хүрээнд олон улсын түвшинд яригдаж, шийдвэрлэгдэж буй орон зайн мэдээллийн менежмент, дэд бүтцийн чиглэлээрх арга хэмжээ, үр дүн, сайн туршлага, Монгол орны онцлог, нөхцөл байдалтай уялдуулан орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, хамтын ажиллагааг зохицуулах тогтолцоог байгуулах, орон зайн өгөгдөл, мэдээллийн нэгдмэл, давтагдашгүй, нээлттэй, баталгаатай, шинэлэг байх нөхцөлийг бүрдүүлэх талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тухайлбал, Монгол Улсын Суурь орон зайн өгөгдөл, мэдээллийн бүрдүүлэлт, бэлэн байдал /илтгэгч: Ц.Ганхүү, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга/, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дүгнэхэд орон зайн болон статистикийн мэдээллийг нэгтгэхийн ач холбогдол /илтгэгч: А.Ариунзаяа, Монгол Улс, Үндэсний Статистикийн Хорооны дарга/,  Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлт /илтгэгч: Д.Эрдэнэбаяр, Монгол Улс, Үндэсний хөгжлийн газар, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга/, Гамшгийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ /илтгэгч: Д.Содномрагчаа, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн Орон зайн мэдээллийн тасгийн дарга/, Монгол Улсын геодезийн байрлал, өндрийн тогтолцоо /илтгэгч: Д.Мөнхцэцэг, Монгол улс, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга/, Монгол Улсын газрын кадастрын бүртгэлийн нэгдсэн систем /илтгэгч: П.Баянтүмэн, Монгол улс, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн дарга/, Монгол Улсын Нийслэлийн дундын мэдээллийн сан /илтгэгч: Б.Түмэнбаяр, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга/, Үндэсний орон зайн мэдээллийн менежментийг бэхжүүлэх нь: "Дэлхийн нийтийн Нэгдсэн Орон зайн мэдээллийн Хүрээ" болон "Тогтвортой хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх Өгөгдлийн Экосистем" /илтгэгч: Тео Чихай, НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны нарийн бичгийн дарга/,  "Ази, номхон далайн бүсийн Орон зайн мэдээллийн менежмент"  болон "Японы Гамшгаас сэргийлэх болон гамшгийн үеийн орон зайн мэдээллийн хэрэглээ" /илтгэгч: Шоичи Оки, НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Ази, номхон далайн бүсийн зөвлөхүүдийн хорооны ерөнхийлөгч, Япон Улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн Газарзүйн албаны дарга/  зэрэг байлаа. 

   Зөвлөгөөнд төгөсгөлд нийт оролцогчдоос Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагуудад хандан ЗӨВЛӨМЖ гаргаж баталлаа.

   НҮБ-ын 2015 оны 9-р сард баталсан “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр–2030”-т цагаа олсон, баталгаатай, чанартай орон зайд суурилсан төрөл бүрийн мэдээлэл нь оновчтой бодлого боловсруулах, хөгжлийн үйл явцыг дэмжих үндэс суурь болох ач холбогдолтойг онцолсон байдаг. Энэ хүрээнд НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны VIII хурлаар улс орнуудыг үндэснийхээ онцлог нөхцөл байдал, Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэлдээ тохируулан орон зайн мэдээллийн менежментийн бодлого, стратегиа тодорхойлж, хэрэгжүүлэхэд чиглэл өгөх Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ (Integrated Geospatial Information Framework)-г баталсан. 

  Энэхүү баримт бичгийг улс орнуудын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооноос “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхийг бэхжүүлэх” (Strengthening geospatial information management in developing countries towards implementing the 2030 Agenda) төслийг Африк, Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж буй зургаан улсыг сонгон 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсоны дотор Монгол улс багтсан нь үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, орон зайн мэдээллийн хэрэглээг өргөжүүлэхэд үр өгөөжтэй үйл явдал болсон юм.

    Үүнтэй холбогдуулан олон улсын зөвлөгөөний дараа  НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны нарийн бичгийн дарга Тео Чихай Монгол улсад хэрэгжүүлэх төслийн талаар ГЗБГЗЗГ-ын удирдлагатай  уулзалт хийж хэлэлцлээ.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР