ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-09-17

     Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн багтай хамтран Газрын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

     Уг хэлэлцүүлгийн зорилго нь газрын харилцааны салбарт шийдвэр гаргагчид, түүнийг даган ажилладаг байгууллагуудын төлөөллүүд нэгдсэн ойлголтод хүрч Газрын тухай хуулийн суурь үзэл баримтлалыг тодорхойлоход чиглэгдсэн юм.

     Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн газрын алба, их дээд сургууль, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, судлаачид оролцлоо.

      Хэлэлцүүлгийг нээж ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү үг хэлж, Газрын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага, газрын харилцаанд тулгараад байгаа хүндрэл бэрхшээл, асуудлуудыг хөндөн ярилаа.

      Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Газрын тухай хуулийн шинэтгэл ба анхаарах зарим асуудал”, Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд “Газрын харилцааны салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага”, хуульч, судлаач Н.Баярмаа “Газрын үндсэн эрх: Эд хөрөнгийн ба үүргийн эрх” , хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Газрын харилцаа”, хуульч В.Энхтамир “Газрыг дүйцүүлэн хамгаалах талаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналын танилцуулга”, ГЗБГЗЗГ-ын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг “Газрын тухай хуулийг шинэчлэх бодит хэрэгцээ, шаардлага” сэдвүүдээр танилцуулга хийж, оролцогчидтой санал бодлоо солилцлоо.  

      Цаашид Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд олон нийтийн дунд хэлэлцүүлгүүд үргэлжлэн зохион байгуулагдах болно.

 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ,

ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР