“ГАЗРЫН ШИНЭТГЭЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО”-НЫ АНХДУГААР ХУРАЛДААНЫГ ХИЙЛЭЭ

2018-08-22

      Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар “Газрын шинэтгэлийн үндэсний хороо” -г байгуулсан.  Үүнтэй холбогдуулан уг хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 98 дугаар захирамжаар томилон, ажлын албаны чиг үүргийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хариуцан хэрэгжүүлэх болсон.

     “Газрын шинэтгэлийн үндэсний хороо-г Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь яамдын сайд нар болон чиглэлийн агентлаг, газрын удирдлагууд багтаж байна. Энэхүү хороо нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын шинэтгэлийн чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомж, бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөө болон олон улсын гэрээний хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлагаар удирдан зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй юм.

     Тус хороо нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр анх удаа хуралдаж, хуралдааны дэг болон 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

       Анхдугаар хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхиий сайд, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх хэлэхдээ, улсын хэмжээнд тэр дундаа нийслэлд газар түүний хэрэглээ, эзэмшил, ашиглалт, өмчлөлтэй холбоотой шинэ тутам үүсч байгаа харилцааг зохицуулах, түүнийг дагасан бусад нийгмийн харилцаануудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага хэдийнээс үүссэн ч төрөөс явуулж буй ажлууд дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Газраас үүдэн хот хөдөөгүй иргэд хоорондын маргаан гарч цаашлаад хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой ихээхэн хүндрэлийг дагуулж үндэсний хэмжээний асуудал үүсгээд байна. Үүнийг бид тал талаас нь авч хэлэлцэн уялдаа холбоотой нэгдсэн бодлого явуулж, богино хугацаанд зохицуулах хэрэгтэй байна. Тухайлбал, энэ жил Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоосон. Хүн амыг тариа будаа, хүнсний ногоогоор хангаж, малын тэжээл үйлдвэрлэж буй энэ салбараа хөгжүүлэх ёстой. Малчид олон нийттэй ойлголцох шаардлагатай. Энэ бол хорооны хийх ажлын нэг хэсэг. Үүн шиг эхлээд Монгол Улсынхаа нийт газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулж, бүртгэх, нэгдсэн мэдээллийн санг шинэчлэн байгуулах хэрэгтэй байна гэв.

      Хорооны гишүүд Монгол улсын газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулах, мэдээллийн санд бүртгэх, газар зүйн нэрийн үндэсний зөвлөл байгуулах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс тогтоосон байдлыг нягтлах, гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг иргэний болон хуулийн этгээдийн хаягтай уялдуулах, мэдээллээ саадгүй солилцох “Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг байгуулах, төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх, газрын талаарх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, газар, үл хөдлөх хөрөнгийн дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, газрын үнэлгээ, татвар, төлбөрийн оновчтой тогтолцоог бий болгох зэрэг асуудлыг Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2018 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө-нд тусган баталлаа.

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР