“НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГ ӨНДӨР, ТУСГАГИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЖ ЗАСВАРЛАН, УЛСЫН КАДАСТРЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМД ХОЛБОЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЭХ” ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2018-08-15
     Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх хүрээнд газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн баталгааг найдвартай хангах, газрын маргааныг бууруулах, иргэд, олон нийт, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт үнэн зөв, ил тод мэдээлэл хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор улсын хэмжээний газрын кадастрын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулахаар ажиллаж байна.

    Энэхүү ажлын “Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн засварлаж, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбох, үйлчилгээнд нэвтрүүлэх төсөл-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр “Нийслэлийн иргэний танхим”-д зохион байгуулагдлаа.

     Нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун болон бусад холбогдох газар, алба, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

     Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэн  улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбосноор газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, кадастрын зураглал, цахим архив, газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг агуулсан салбар хоорондын мэдээлэл солилцооны уялдаа хангагдаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой үйлчилгээг цахимаар нээлттэй, ил тод хүргэх боломж бүрдэх юм.

      Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих уг төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд 2019 оны 12 дугаар сард багтаан хэрэгжүүлж дуусгана.

 
 
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР