Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны VIII хуралд оролцлоо.

2018-08-08
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нарын төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороо (UN Global Geospatial Information Management)-ны VIII хуралд амжилттай оролцлоо.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд тайлагнадаг НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороо (UN-GGIM) нь дэлхийн нийтийн хэмжээнд тулгамдсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай байрлалд суурилсан буюу орон зайн мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, үр дүнтэй хэрэглээнд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Зөвлөхүүдийн хорооны VIII хурлаас гарсан онцлох шийдвэрийн нэг нь Дэлхий нийтийн орон зайн мэдээллийн менежментийн бодлогын чиглүүлэх баримт бичиг болох Нэгдмэл Орон зайн мэдээллийн Хүрээ (Integrated Geospatial Information Framework)-г хэлэлцэн баталсан явдал байв.

Дэлхийн банкны Нийгэм, хот, хөдөө орон нутгийн хөгжлийн дэлхий нийтийн практик (GSURR) болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Алба (UNSD) хоорондын орон зайн мэдээллийн чиглэлээр байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Зөвлөхүүдийн хорооноос уг Нэгдмэл Орон зайн мэдээллийн Хүрээг боловсруулсан ба 7 зарчим, 8 зорилго, 9 стратегийн зорилтоос бүрдсэн энэхүү баримт бичгийн гол зорилго нь улс орнуудыг үндэснийхээ онцлог нөхцөл байдал, Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэлдээ тохируулан орон зайн мэдээллийн менежментийн бодлого, стратегиа тодорхойлж, хэрэгжүүлэхэд чиглэл өгөх суурь баримт бичиг юм.

Энэхүү баримт бичгийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор UN-GGIM-ээс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” (Strengthening geospatial information management in developing countries towards implementing the 2030 Agenda) төслийг Африк, Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж буй зургаан улсыг сонгон 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон бөгөөд сонгон авсан зургаан улсын үндэснийх нь онцлог байдалд тохируулан орон зайн мэдээлэл, статистикийн мэдээллийг нэгтгэх, мэдээллийг солилцох, хуваалцах, түгээх боломжийг бүрдүүлэх, үйл ажиллагааны механизмыг сайжруулах замаар үндэсний орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, орон зайн мэдээллийн шинэлэг, бэлэн, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой.

НҮБ-ийн Статистикийн албаны дарга Стефан Швэйнфест болон Зөвлөхүүдийн хорооны нарийн бичгийн дарга Тео Чихай нар  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан уг төслийг хэрэгжүүлэх зургаан улсын нэгээр Монгол Улсыг сонгосон тухай таатай мэдээг албан ёсоор мэдэгдэж, төслийн зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүнгийн талаар хэлэлцсэн нь манай улсын үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, орон зайн мэдээллийн хэрэглээг өргөжүүлэх үйл ажиллагааг хөшүүрэгдэх үр өгөөжтэй үйл явдал болж байна.

Түүнчлэн, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийн чиг хандлагыг олон улсын чиг хандлагатай уялдуулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт зөвлөгөөнийг 2018 оны 09 сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд уг зөвлөгөөний үеэр UN-GGIM-ийн болон бусад улс орны ижил төстэй байгууллагын төлөөлөгч, зөвлөхүүд хүрэлцэн ирэх юм.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР