ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ХУГАЦААГ 10 ЖИЛЭЭР СУНГАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРЬЖ БАТЛУУЛЛАА

2018-04-19

         Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өргөн барьсан.

Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа.

         Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийг 2002.06.27-нд баталж, 2003.05.01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх хугацааг тус бүр 5 жилээр сунгасан байна. 

Хууль хэрэгжиж, газар өмчлүүлэх ажил эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өрх дундаа хамтран өмчилж байсан бол 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн өмнөх 5 жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчилж авсан байна.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР